БНСУ-ын “Сэ юү” гэх компанийнхан манай иргэний агаарын тээврийн МИАТ ХК-иас 10 тэрбум вон нэхэмжилж улсынхаа шүүхэд хандсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тус компанийнхан 2014 онд Зам, тээврийн яамаар дамжуулан МИАТ-тэй хамтран ажиллах санал ирүүлсэн аж. Уг саналдаа Улаанбаатар-Сөүл чиглэлийн тасалбарын ерөнхий борлуулалтын агентаар ажиллах, “Боинг 767-300” загварын, агаарын хоёр хөлөг түрээсээр өгөхөөр тусгажээ. Эл саналыг нь МИАТ-ийн тухайн үеийн захирал Г.Жаргалсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулан судалж, захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэхээр болсон байна. Ингээд мөн оны нэгдүгээр сарын 30-нд гэрээ байгуулах болоход Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтын саналаар МИАТ ХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын захирал С.Билэгсайханд ерөнхий захирлынх нь эрхийг нэг өдрийн хугацаатай шилжүүлэхээр болжээ.
Тухайн үед МИАТ-ийн Хуулийн хэлтэст ажиллаж байсан, өдгөө шүүгч, прокуроруудтай холбоотой дуулианд холбогдон АТГ-т шалгуулж буй Б.Баасанцогт, өндөр албан тушаалд томилогдон ажиллаж буй өөр нэг эрхэм үүнийг хамтран зохион байгуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Гэвч МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан эрхээ С.Билэгсайханд шилжүүлэх тушаал гаргаагүй гэнэ. Үүнтэй холбогдуулж С.Билэгсайханыг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал нь бүрэн эрхээ шилжүүлээгүй, гэрээ байгуулах эрх компанийн захирлын зөвлөлөөс олгоогүй байхад 2014 оны нэгдүгээр сарын 30-нд БНСУ-ын “Сэ юү” компанитай гэрээ байгуулж, ерөнхий борлуулагч агентаар ажиллуулах зөвшөөрөл олгосон үндэслэлээр шалгаж байсан билээ. Дээрх байдлаар гэрээ байгуулсны дараа БНСУ-ын “Сэ юү” компаниас таван сая ам.доллар МИАТ ХК-ийн дансанд хийсэн байдаг. Уг мөнгийг МИАТ-ийнхэн агаарын хөлгийн засвар үйлчилгээний төлбөрт гадаадын аж ахуйн нэгжүүд рүү шилжүүлжээ.
Ийнхүү гэрээ байгуулсныхаа дараа “Сэ юү” компанитай хамтран ажиллах нь зөв, эсэхийг нягтлахаар болж, 2014 оны хоёрдугаар сард ажлын хэсэг БНСУ-д очсон байна. Ингээд “Сэ юү” компани нь Филиппинд шүүхээр маргаантай байгаа, дээрх гэрээ нь МИАТ-т ашиггүй, төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж дүгнээд таван сая ам.долларыг нь даруй буцаан шилжүүлжээ. С.Билэгсайханд холбогдох үйлдлийг АТГ-ынхан шалгаад МИАТ ХК-д хохирол учраагүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Манай агаарын тээврийн компанийн эсрэг зарга мэдүүлсэн БНСУ-ын “Сэ юү” компани 10 тэрбум вон нэхэмжилж улсынхаа хуулийн байгууллагад хандсаныг анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийг нь үндэслэлгүй гэж дүгнэсэн гэнэ. Гэвч тус компанийнхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг эх сурвалжууд хэллээ.