Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж буй. Тэгвэл хүнсний эрхийн бичгийн виза картыг пин коджуулах ажил Улсын хэмжээнд 79 хувьтай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ. Төрийн банкнаас Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 33.5 мянган өрх буюу нийт өрхийн 79.0 хувийг пин коджуулжээ. Энэ сардаа багтаж банктай хамтраад тус үйлчилгээнд хамрагддаг бүх өрхөө 100 хувь пин коджуулж дуусгах юм. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Төрийн банкны өөрт ойр салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулах боломжтой. Ингэснээр иргэн зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөс үйлчилгээ авах юм. Мөн цаасан тайлан , хүнд суртал үгүй болж хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжих юм. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болох юм. Үүнээс гадна 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулах зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажил нь Монгол Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаараа онцлог. Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.