Хэдэн жилийн өмнө манай суманд нэгэн харамсалтай хэрэг болж билээ. Гадаадад олон жил сурч, амьдарсан залуу төрсөн нутагтаа түр ирээд байхдаа ахынхаа хүүхдийг цаг бусаар тэнгэр лүү одоход хүргэсэн юм. Холын гийчнийг тух алдуулах - гүй хэмээн хоол, унд хийж, байдаг бүхнээрээ дайлсан гэрийн эзэд гуравхан настай үрээ хормын төдийд “мартахад” л тийм аймшигтай явдал болоод өнгөрсөн. Айлаас айл хэсэн дайлуулж, халамцсан залуу тэдний гаднаас машинтай хөдлөхдөө хүүг нь дайрч орхив. Зочныхоо машиныг нь ихэд сонирхож, өдөржин тойрч тоглосон хүү түүнийг явах үед ч хойно нь элсээр наадаж байсныг эцэг, эх нь ч, залуу ч анзаараагүй нь туйлын эмгэнэлтэй.
Энэ явдал манай сумынханд цочроо өгсөн юм. Бас хэсэгтээ ярианы сэдэв болсон. Хэн хэн нь буруутай, хариуцлага алдсан, мөн төрөл садан улс учраас тэд хэрэг зарга үүсгэлгүй, хоорондоо “ойлголцсон” гэдэг. Гэвч залуу тэдний гэр бүлийн өмнө гэмтэн хэвээр үлджээ. Хөөрхий эх нь өөрийгөө үүрд яллажээ. Цочирдож, хямарсан бүсгүй амиа хорлохоор хэдэнтээ завдсан аж. Нойрны эм их хэмжээгээр уугаад, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч гарчээ. Гэрийн эзэн үе үе бор дарс зооглох болсон. Тэр явдлаас хойш энэ айлын амьдрал орвонгоороо эргэжээ. Тэдэнтэй ойр дотно нэгэн “Ганц хүүгээ алдсан хөөрхий эцэг, эх хэдэн жил шар махтайгаа хатлаа. Уржнан охинтой болсон. Элгийг нь бага ч болов дэвтээсэн байх” гэж саяхан ярьсан юм.
Үр хүүхдээ алдах шиг энэлэнтэй зүйл хорвоод үгүй. Тэр дундаа өөрийн хариуцлагагүй байдал, буруугаас болж, үрээсээ үүрд хагацна гэдэг эцэг, эхчүүдэд тохиож болох хамгийн хатуу шийтгэл. Ганцхан хором, агшин зуурт анхаарал, болгоомжгүй байсныхаа төлөөсийг насан туршийн харамсал, зовлонгоор солино гэдэг дэндүү харамсалтай. Яг ийм шийтгэлийг олон аав, ээж амсаж, бяцхан үрсээ бурхны орон руу үдсээр байна. Золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүдийн үхлийн шалтгааны 50-60 хувь нь эцэг, эхчүүдийн болгоомжгүй байдлаас улбаатай гэсэн статистикийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өглөө. Дээрх гэр бүлд тохиолдсонтой ижил шалтгаанаар (машинд дайруулах, мөргүүлэх) гэхэд жилд 10-20 хүүхэд гэрийнхээ гадаа нас барж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлэв. Хамгийн харамсалтай нь, багачууд, хүүхдүүд ээж, ааваасаа хэдхэн алхмын зайд, хашаандаа, тоглоомын талбайд ойр дотнынхоо хүмүүсийн “гарт” амиа алдах явдал юм. Энэ төрлийн осол жилд 10-15 бүртгэгддэг байсан бол өнгөрсөн онд 23 удаа гарчээ. Он гарснаас хойш буюу сүүлийн таван сарын хугацаанд дөрвөн хүүхэд гэрийнхээ гадаа машинд дайруулан нас барсан аж. Хөл хорионы улмаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зогссоноос бага насны хүүхдүүд ихэнх цагийг гэртээ, гадаа, тоглоомын талбайд өнгөрүүлэх болсон нь энэ төрлийн осол нэмэгдэх шалтгааныг бүрдүүлсэн гэж мэргэжилтнүүд үзжээ. ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан “Жолооч ухрах, хашаанаас гарах, зогсоолоос хөдлөхдөө өөрийн болон төрөл садныхаа бага насны хүүхдийг дайрч, амийг хөнөөсөн хэрэг сүүлийн үед өссөн. Ихэвчлэн тав хүртэлх насныхан ийм хэргийн хохирогч болдог ч сүүлийн тохиолдлын зонхилох нь хөлд ороод удаагүй хүүхдүүд байсан. Энэ нь жолоочийн болон эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой.
Жолооны ард суух үеэс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг шалгаж хэвших нь жолоочийн үүрэг. Ялангуяа бага насны хүү¬ хэдтэй, тоглоомын талбайн ойролцоо тээврийн хэрэгслээ зогсоосон хүмүүс хөдлөхдөө маш хянуур, болгоомжтой байж, ухрахын өмнө хойд замаа заавал шалгах хэрэгтэй. Нуугдаж тоглох гээд машин доор орсон хүүхдийг жолооч мэдэлгүй дайрч, хөнөөсөн хэрэг өмнө нь хэдэнтээ гарсан” хэмээн мэдээлсэн юм. Сүүлийн дөрвөн тохиолдол Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон нийслэлийн ХанУул дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд хэргийг үйлдсэн хүний гурав нь бага оврын ачааны, нэг нь жийптэй байжээ. Харин хохирогчид нь 1-3 насныхан гэнэ. Хэн нэгний тусламжгүй алхдаг болсондоо баясан, бүхнийг сонирхон сонжиж, хорвоо ертөнцтэй танилцаж явсан бяцхан үрс амьдралынхаа аяллыг гэрийнхээ гадаа ийнхүү дуусгаж, эцэг, эхдээ арилшгүй шаналал, хариуцлагын үнэ цэнийг ойлгуулаад буцжээ. Ийм хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн 80 хувийг 1-1.8 насныхан эзэлж байна. Тодруулбал, 2016-2021 онд энэ шалтгаанаар нас барсан 76 хүүхдийн 64 нь 1.8 хүртэлх настай байв. Дийлэнх тохиолдолд жолооч ухрах үйлдэл хийхдээ ийм осол гаргажээ. Бага насны хүүхэд машины хойно тоглох, доор нуугдах байтугай урд зогсож байсан ч тээврийн хэрэгслийн хамраас давж харагддаггүй учир жолооч нар ийм эрсдэлийг алхам тутамдаа тооцоолох ёстой. Зам, тээврийн ослыг бууруулах гол шийдэл нь жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх. Хүүхдийг энэ төрлийн ослоос сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд ч хянамгай, хариуцлагатай байх ёстойг холбогдох байгууллагынхан анхааруулаад удлаа. ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагынхан хамтран энэ чиглэлээр багагагүй ажил хийсэн. Өнгөрсөн жилүүдэд өрнүүлсэн “Дураараа биш, дүрмээрээ зорчъё”, “Бяцхан зорчигч”, “Хүүхдэд ээлтэй жолооч”, “Хөдөлгөөний аюулгүй байдлаа нягталъя” зэрэг аяны нийтлэг зорилгын нэг нь балчир үрсийг хамгаалахад чиглэсэн.
Цагдаагийн байгууллагынхан хүүхэд машинд мөргүүлж, эндсэн дүрс бичлэгийг эцэг, эхчүү¬ дэд үзүүлж, тэдний зүрх сэтгэлд мартагдахааргүй анхааруулга өгсөн. Тэрчлэн “Цаг хугацааг буцааж болдог бол...” хэмээн харуусалтайгаар өгүүлэх хижээл насны эрийн зүрх зүсэм яриаг зарим телевиз, сайт дамжуулсан юм. Тэрбээр золгүй байдлаар зээ хүүгээ дайран, амийг нь хохироожээ. Холбогдох байгууллагууд хэчнээн хичээгээд, ухуулж, анхааруулаад ч энэ төрлийн осол, эндэгдлийн тоо буурахгүй, эцэг, эхчүүдийн хэнэггүй, хариуцлагагүй байдал өөрчлөгдөхгүй байсан тул ийм арга хэмжээ авсан хэрэг. Харин одоо цагдаагийн байгууллагынхан “Цэцэрлэг, сургууль хэзээ хичээллэх нь тодорхойгүй, мөн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн энэ зун эрчимжих учраас ослын тоо ихсэж болзошгүй” хэмээн болгоомжилж, “Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй үйлдлийн золиос нь хүүхэд байх ёсгүй” гэж уриалж эхэлжээ.
Уг нь бол гэрийн ойролцоох хэсэг, хашаа, тоглоомын талбай хүүхдүүдийн хувьд хамгийн аюулгүй орчин байх ёстой. Гэвч Улаанбатар шиг замбараагүй төлөвлөлттэй, орон сууцын хороолол дунд хүн явах замгүй болтлоо автомашин чихцэлддэг газарт, монголчууд шиг хайнга, хэнэггүй нь дэндсэн хүмүүстэй хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг арай өөр түвшинд ярихаас өөр аргагүй. Тиймээс 2018 оноос мөрдөж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэ¬ чилсэн дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй, асран хамгаалагч нь хөтөлж, эсвэл тэвэрч явна” гэж тусгасан. Түүнчлэн бага насны хүүхдийг гудамж, хашаанд хараа хяналтгүй орхих, гаргаж тоглуулах нь бие даан замын хөдөлгөөнд оролцуулж буйгаас ялгаагүйд тооцох болжээ. Үүнийг зөрчиж, хүүхдийн аминд хохирол учруулсан тохиолдолд эцэг, эхэд ч, жолоочид ч хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх арга хэмжээ авах хуультай аж. Энэхүү хууль, дүрмийг бага насны хүүхэдтэй хүн бүр алхам тутамдаа санаж, мөрдсөний “шанд” харуусал, гуниг дүүрэн өдрүүдийг туулах эцэг, эхчүүдийн тоо хэдэн арваар буурах нь дамжиггүй.