Дэлхийн улс орнууд гадаадаас ирж байгаа иргэддээ цар тахалтай холбоотойгоор янз бүрийн шаардлага тавьж буй. Харин манай улс ямар шаардлага тавьж байгаа талаар Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодрууллаа.
-Манай улсын иргэд гадаад улс орон руу зорчиход ямар шаардлага тавьж байгаа вэ. Вакцин бүрэн тунг заавал хийлгэсэн байх ёстой юу?
-Дэлхийн улс орнууд хилээрээ нэвтрүүлж буй гадаадын иргэдэд янз бүрийн шаардлага тавьж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тун хийлгэсэн иргэдийг л нэвтрүүлнэ гэх хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй. Зарим улсын хувьд тодорхой вакцин хийлгэсэн бол оруулна, өөр вакцин хийлгэсэн бол хүлээж авахгүй гэх мэт тархсан байна. Энэ бол ташаа ойлголт. Улс орнууд вакцин хийлгэсэн хүмүүст нотлох баримт бичиг буюу гэрчилгээг олгож эхэлсэн. Манай улс ч мөн олгож эхлээд байна. Хамгийн гол нь тус гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлсэн тохиолдолд тусгаарлахгүй байх яриа хэлэлцээрийг Гадаад харилцааны яам хийж байна.
Гадаадад зорчих хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд тухайн улсын визийг авсан байх шаардлагатай. Одоогоор 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан байгаа юм. Иргэд гадаадад зорчиход ямар шаардлага тавих нь очих гэж буй тухайн улсаас нь хамаарна. Тиймээс очих гэж буй улсаа ямар шаардлага тавьж буйг сайтар судлах шаардлагатай. Тухайлбал, таны зорчих гэж улс коронавирусийн шинжилгээ шаардаж байна уу?, вакцины гэрчилгээ шаардаж байна уу гэдгийг сайн судлах хэрэгтэй гэсэн үг.
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн гадаадад зорчиход тухайн улсад тусгаарлах арга хэмжээ авах уу?
-БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүнийг тусгаарлахгүй байна гэж хүмүүс их асууж байгаа. Энэ бол зөвхөн тухайн улсын иргэддээ хамааралтай шийдвэр байсан. Солонгос иргэн өөрийн улсдаа вакцины бүрэн тунд хамрагдаад гадаадын улсад зорчоод, буцаж эх орондоо очиход тусгаарлахгүй гэсэн. Харин бусад улсаас ирж буй хүмүүс бүрэн тунд хамрагдсан бол тусгаарлах эсэхийг шийдсэн орон цөөн бий. Ихэнх улс гадаадаас ирж буй иргэдийг PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна. Зарим улс орны хувьд хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. БНСУ 14 хоног тусгаарлаж байгаа бол Европын орнууд 5-10 хоног тусгаарлах горим шаардаж байна. Харин вакцин хийлгээгүй хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн улс байхгүй.
-Гадаадаас эх орондоо ирж буй иргэдэд ямар шаардлага тавьж байна вэ?
-УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ирж буй бүх хүн вакцинд хамрагдаагүй, зөвхөн эхний тундаа хамрагдсан болон бүрэн тунгаа хийлгэсэн ч 14 хоног нь өнгөрөөгүй байвал 7 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Харин бүрэн тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон бол тусгаарлагдахгүй, шууд гэртээ очиж болно.
-Монгол Улс хилээ нээх шийдвэр гаргасантай холбогдуулж нислэгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Хилийн хязгаарлалтаас үүдэн гадаад улсад гацсан байсан иргэдийг татан авах ажил тавдугаар сарын 1-нд дуусгавар болсон гэж хэлж болно. Мөн Монгол Улс хилээ нээхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд тусгай үүргийн нислэгүүдийг энгийн горимд шилжүүлсэн.
Монгол Улс зөвхөн хилээ хаагаад, иргэдээ гадагш явуулахгүй байгаа мэт ташаа ойлголт иргэдийн дунд байна. Дээр дурдсанчлан дэлхийн 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоож, өөрийн орны иргэд болон тухайн улсад байнга оршин суудаг гадаад иргэдээ нэвтрүүлж байгаа. Манай улс гадаадын улс орнуудтай харилцан зэрэг хилээ нээж байж цар тахлын өмнөх үе шиг чөлөөтэй зорчих горимд шилжинэ гэсэн үг. Монгол Улс хилээ нээх шийдвэрийг үндсэндээ гаргасан гэж хэлж болно. Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд гэрчилгээг олгож эхэлсэн. Энэхүү гэрчилгээг гадаад улс орнуудтай тохирч, гадаад улсуудын гэрчилгээг мөн харгалзаж, харилцан тохирсноор шууд нислэгүүдийг сэргээх саналыг тавьж байгаа.
Манай улс хилээ нээхэд бэлэн, гадаад улс орнуудтай хилээр зорчигч нэвтрүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Хилээ нээнэ гэдэг нь гадаад улс оронтой харилцан тохирч байж хилээ нээх тухай ойлголт юм. Энгийн горимд шилжсэн байж нислэгийн тоо цөөхөн байна гэсэн шүүмж иргэдээс ирсэн. Манай улсын хувьд тусгаарлах байрны нөөцдөө тулгуурлаж, нислэгийн тоо хязгаартай байгаа гэдгийг иргэд зөвөөр ойлгохыг хүсэж байна. Энгийн горимд байгаа юм шиг өдөр болгон нислэг үйлдэх боломжгүй. Энэ нь зөвхөн манай улсаас шалтгаалахгүй юм. Улс оронтой харилцан тохиролцсоны үндсэн дээр нислэг үйлдэж буй" гэлээ.