Дархлаажуулалтын ажлыг орон нутагт эрчимтэй зохион байгуулахын тулд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг аймаг орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулж байгааг Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ. Тодруулбал, аймаг бүрт 700 хүн тун вакцин хадгалах хөргөгчийг хүргүүлж байна. Мөн -70 хэмийн хөргөгчийг аймаг бүрт явуулахаар бэлтгэжээ.
Мөн тэрээр, "Манай улсын хэмжээнд 1,7 сая иргэн вакцины эхний тундаа хамрагдсан. Эдгээр иргэдийн дунд хоёрдугаар тунгаа хийлгэх тал эргэлзэж буй хүн цөөнгүй байна. Эхний тунгаа хийлгэсний дараа хүний биед хамгаалах уураг үүсдэг. Харин хоёр дахь тунг хийлгэснээс халдвараас хамгаалах хүч нь нэмэгдэнэ.
Түүнээс гадна эхний тунгаа хийлгэхээс эргэлзэж байгаа хүмүүс бий. Мөн вакцины туйлын эсрэг заалттай хүн байж болно. Эдгээр иргэдэд эмнэлгийн магадалгаа гаргаж өгөхөөр ажиллаж байна. Дархлаажуулалтын дараа гарах урвал хүндрэлээс сэргийлж, орон нутаг бүсийн оношлогооний төв, нэгдсэн эмнэлгүүд, улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгүүдэд вероцелл вакциныг эмчийн хяналтад хийлгэх боломжтой.
Иргэд вакцин хийлгэсэн болон хийлгэсний дараа танд ямар эрсдэл үүсэх талаар маш сайн бодож шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас зөвлөж буй.
Мөн вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг бид судалж үзсэн. Эхний байдлаар гарсан үр дүнг хэлбэл, эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс халдвартай үедээ вакцинд хамрагдсан мөн вакцинаас хойш удалгүй халдвар авсан тохиолдлууд байна. Харин хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн хувьд дийлэнх нь 14 хоног дотроо байгаа бол вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа халдвар авсан маш цөөхөн хүн бий " гэлээ.