Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020 оны тавдугаар сарын 13-нд УИХ-аар батлуулсныг бид мэднэ. Улстөрчид хөгжлийн тухай ярих бүртээ л энэ баримт бичгийг эш татаж байна. “Алсын хараа 2050”-д цөмийн эрчим хүчтэй улс болох зорилт тавьсан нь олны анхаарлыг эрхгүй татах санаачилга юм. Тодорхой дурдвал, “2041-2050 онд ураны их хэмжээний нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй технологиор боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, экспортлоно” хэмээн уг баримт бичигт тэмдэглэжээ. Мөн “Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр экспортлох үйлдвэрлэл, дамжуулалтын бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасныг үзэв. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барих, дамжуулах шугамыг нь татах зорилт тавьсан гэсэн үг.
Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан эрчим хүч нийлүүлнэ гэхээр зөвхөн цөмийн цахилгаан станц барина гэж ойлгож болохгүй. Сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх “Азийн супер сүлжээ” төслийн судалгааг Засгийн газар хийж буй. Атомын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч хоёр хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэйгээрээ ижил. Сэргээгдэх эрчим хүч аюул багатай ч тогтвортой биш. Салхин цахилгаан станц байлаа гэж бодоход салхи намжвал үйлдвэрлэл нь зогсдог. Харин цөмийн цахилгаан станц эрсдэл өндөртэй. Гэвч их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй, тогтвортой нийлүүлдэг. Үүгээрээ сэргээгдэх эрчим хүчнээс давуу талтай юм. Аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн энэ үед цахилгаан эрчим хүчний хангамж тасралтгүй, тогтвортой байх нь маш чухал болжээ. Тиймээс л атомын цахилгаан станц эрчим хүчний ирээдүйн хөгжлийн гол сэдэв болоод буй хэрэг.
Манай улс нүүрсээр баян. Нүүрс шатааж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станц хэдэн арвыг ч барьж болно. Гэтэл нүүрсний цахилгаан станц хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулж, уур амьсгал өөрчлөгдөхөд нөлөөлж байна. Хүлэмжийн хий нь агаар мандалд бүрхэвч үүсгэн, дэлхийд ирж буй нарны цацрагийг буцаан ойлгохгүй “барьж” дулаарал үүсгэж буйг эрдэмтэд тогтоосон. Дэлхийн уур амьсгал дулаарснаар гол, ус ширгэж, ургамал устан экологийн тэнцвэр алдагдаж, хүн төрөлхтөний ирээдүйд заналхийлэх болсон. Тиймээс нүүрсний станцыг нүд үзүүрлэж байна.
Францын нийслэл Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал 2015 онд болсон юм. Уг хурлаар дэлхийн 190 орон Парисын хэлэлцээрийг баталж, исэл, метан зэргийг ялгаруулдаг нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах тохиролцоонд хүрсэн. Хятад, Энэтхэг, АНУ зэрэг томоохон гүрнүүд дээрх түүхий эдийн хэрэглээгээ их хэмжээгээр бууруулах шаардлагатай байгаа. Тиймээс ч тэднийг олон улс түвшинд хүлэмжийн хийн ялгаруулдаг эх үүсвэрээ бууруулахыг эрчимтэй шахаж байна.
Францын “GDF Suez” компани манай улсад тавдугаар цахилгаан станц барих хөрөнгө оруулагчаар шалгарсныг санаж байгаа биз. Тус компани Парисын хэлэлцээрийг баталсны дараа нүүрсний цахилгаан станц барихад хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд ч хүлэмжийн хийн хэмжээг нэмэх төслийг санхүүжүүлэхгүй гэдгээ зарлах болсон. Хүн төрөлхтөний хандлага ийн өөрчлөгдсөн юм.
Одоо их гүрнүүд нүүрс шатааж цахилгаан үйлдвэрлэдэг станц барихаас санаа нь зовдог болов. Гэтэл аж үйлдвэрлэл нь хөгжих тусам эрчим хүчний хэрэглээ нь тэлсээр байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр их хэмжээний, тогтвортой цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж нь цөмийн реактор юм. Тиймээс их гүрнүүд цөмийн реакторын аюулгүй ажиллагааг хөгжүүлж, олноор барьж эхэллээ.
Дэлхийн 30 оронд жилд 391.7 гегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цөмийн 443 реактор ажиллаж байгаа гэсэн статистик бий. Анзаарвал аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд цөмийн реактор барьдаг юм. Тэдэнд их хэмжээний хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч хэрэгтэй байгаа учраас цөмийн реактор барьдаг. Мөн байгаль орчинд ээлтэй байдаг давуу талыг нь тооцдог байж таарна. Жилд 1000 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг ажиллуулахад 200 тонн шар нунтаг зарцуулдаг аж. Зүйрлэвэл, 50 тоннын даацтай дөрвөн машины тэвш дүүрэн шар нунтаг ийм их энерги гаргадаг байх нь. Ингээд болохоор тээвэр ложистикийн зардал маш бага байх нь ойлгомжтой.
Одоо ажиллаж буй цөмийн реакторуудын 184 нь Европ, 137 Ази, хоёр нь Африк, 120 нь Хойд Америк, тав нь Өмнөд Америкт бий. Тэгвэл дэлхийд цөмийн 54 реактор одоо баригдаж, 426-г барихаар төлөвлөөд буй гэнэ. Үүнээс БНХАУ 17, ОХУ цөмийн хоёр реактор барьж буй гэсэн мэдээлэл бий. Өмнөд хөрш ирээдүйд цөмийн 207 реактор барьж, нүүрсний цахилгаан станцуудаа халахаар төлөвлөжээ. Хойд хөрш ирээдүйд 46 реактор барихаар тооцоолж байгаа аж. Эндээс ураны зах зээл, хэрэглээ ирээдүйд ихээхэн тэлэх дүр зураг харагддаг.
“Алсын хараа 2050”-д ураны их хэмжээний нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэж онцлон дурдсаныг анзаарсан болов уу. Манай улсад 141 500 тонн ураны нөөц байгаа гэж бүртгүүлжээ. Энэ нь дэлхийд бүртгүүлсэн ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг гэнэ. Австрали 1.7 сая, Казахстан 679, ОХУ 505, Канад 493 мянган тонн ураны нөөцтэйгөөр дэлхийд тэргүүлж буй. Манай улс дэлхийн ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг ч 11 дүгээр байрт эрэмбэлэгддэг аж. Ерөнхий сайдын толгойлдог Цөмийн энергийн комисст танилцуулсан хамгийн сүүлийн мэдээллээр манай улс ураны хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл олгосон бүртгэл байна. “Бадрах энержи” ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол бусад нь “Гурван сайхан” компанийнх гэсэн мэдээлэл бий. “Арева Монгол” компани гэхэд Дарьгангын хотгорт ураны хайгуулын 11 тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Уран нь алтнаас илүү өргөн тархацтай цацраг идэвхт металл. Газрын хөрснөөс гадна усанд хүртэл ураны агууламж байгаа. Агууламж өндөр хуримтлагдсан газрыг илэрцтэй гэж тооцдог. Монгол Улсын Дорнодоос Дорноговь аймгийн нутаг хүртэлх зурвас газар ураны илэрцүүд элбэг таардаг аж. Манай оронд одоогоор ураны 100 гаруй илэрц бүртгэгджээ. Цаашид ураны нөөц 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоог цөмийн энергийн салбарынхан танилцуулдаг. Тэгэхээр манай улс ураны их хэмжээний нөөцтэй нь үнэн ажээ.
“Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоогийн ордоос уран олборлох туршилтыг үйлдвэрээ барьчихаад зөвшөөрөл хүлээж буйг “Ураны түүх”-ийг өгүүлсэн өмнөх нийтлэлүүдэд дурдсан. Хэрэв Засгийн газар зөвшөөрөл өгч, туршилтын олборлолтоо эхлүүлбэл Монгол Улс цөмийн энергийн зах зээлд тоглогч болох юм. Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав “Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа эрчим хүчний, хүнс тэжээлийн хүрэлцээний, байгаль экологийн тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэхэд цөмийн шинжлэх ухаан яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэх байх. Ийм үед бид цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бодож ажиллах ёстой. Бүр БНМАУ-ын үед энэ чиглэлийн мэргэжилтнээ бэлтгэх, “Атомын эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдавчлан хөгжүүлэх” тэргүүлэх чиглэл, зохион байгуулалтын ажлын төлөвлөгөө, концепцыг Цөмийн энергийн комиссоор 1986 онд баталж байсан юм билээ” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Хятад улс хүлэмжийн хий ялгаруулдаг 300 сая яндантай. Манай улсад ийм яндан 300 мянга бий. Цөөн учраас өдгөө олны нүдэнд өртөхгүй байж болно. Ирээдүйд аж үйлдвэр хөгжихийн хэрээр “ногоон” эрчим хүчний эх үүсвэр байгуулах шаардлага үүсэх нь гарцаагүй. Ураны нөөц ихтэй манай орны хувьд цөмийн реактор барих нь хүлэмжийн хийг бууруулах үйлсэд оруулах нэг хувь нэмэр яах аргагүй мөн. Цөмийн реактор барьж, цахилгаан үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангаад илүүг нь экспортлоод сууж байх ирээдүй цагийн сууриа одооноос цутгаж эхлэх хэрэгтэй бус уу. Цөмийн энергийн салбарт тоглогч болох нь шар нунтаг, эсвэл эрчим хүч экспортлох эдийн засгийн үр ашгаас илүү ч геополитикийн өндөр ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд ярьдаг. Цөмийн цахилгаан станцын гол хэрэглээ болдог ураныг 20 гаруйхан орон олборлодог. Шар нунтаг экспортолж эхэллээ л бол Монгол Улсын байр суурь олон улсын харилцаанд хэдэн шат ахих нь гарцаагүй. Тэдэнд хэрэгтэй зүйл бидэнд байхад ая засах нь дамжиггүй.
Уран олборлоно гэхээр цөмийн бөмбөг санаанд ордог хүн байж мэднэ. Хүн төрөлхтөн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээг байгуулснаар ураныг энх тайвны буюу эрчим хүчний зориулалтаар ашигладаг болсон. Цөмийн бөмбөг биш юм гэхэд Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, газар хөдөлсний улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас алдагдсан цацраг идэвхт бодис санаанд нь бууж айдас төрүүлдэг байж мэднэ. Тийм ээ, болгоомж хэзээд илүүдэхгүй. Цөмийн энергитэй холбоотой ямар нэгэн осол аваар гарах бүрт Олон улсын атомын энергийн агентлагийн дүрэм, журам, стандарт илүү “чангарч” буй. Тиймээс дүрэм, стандартаа сайтар баримтлаад ажиллавал аюул нүүрлэхгүй гэсэн итгэл үнэмшил олон нийтэд төрдөг болжээ. Уран олборловол хордуулаад алчихна, цөмийн реактор баривал тэсэрч, дэлбэрнэ гэж айлгаад суугаад байвал бусдаас хоцрох нь. Дэлхийн эрчим хүчний салбарын хөгжилд цөмийн энерги давамгай байр суурь эзлэх чиг хандлага тодорхой харагдаж байна. Ийм үед бид нүүрсээ шатааж, нүүгэлтсэн утаа манаруулан, дэлхийн дулааралд түрлэг нэмэн суусаар хоцрогдсон хэвээр үлдэх үү. Засгийн газар цөмийн цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд одооноос дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.