Нягтлан бодогч мэргэжлээр 2018 онд их сургууль төгссөн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Э нэгэн хувийн компанид нягтлан бодогчоор хоёр жил орчим ажиллаад гарчээ. Учир нь манай улсад коронавирусийн халдвар тархан, хөл хорио тогтоосноор Э-г ажлаас нь халж, түүний оронд гэрээгээр ажил гүйцэтгэх хүн компани нь зайнаас ажиллуулах болж. Түүнчлэн Улаанбаатарт жижиг, дунд аж ахуйн нэгжүүд зайнаас ажиллах, бүтэн цалин өгөх шаардлагагүй хүмүүсээр данс тооцоогоо “бариулах” нь нэмэгдсэнээр уг мэргэжлээр төгсөгчдөд ажлын байр хомсдож эхэлсэн гэнэ. Өдгөө Э ажилгүй, нутагтаа байгаа бөгөөд өөр мэргэжлээр суралцах, эсвэл малчин болох гэсэн сонголт л түүнд бий аж. Хэрэв өөр мэргэжлээр суралцах болбол сум орон нутагт нь гадаад хэлний багш, сувилагч, хүний болон малын эмчийн орон тоо дутагдалтай байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Ер нь иргэд ажил хайх, ажил хийх сонирхол бага байгааг хэлэх нь зүйтэй. Салбарын яамнаас цахим өдөрлөг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 1200 гаруй ажлын байрны талаар мэдээлснээс хойш 10 гаруй хоног өнгөрлөө. Гэтэл 120 орчим хүн л ажилд орохоор бүртгүүлсэн байна. Иргэд цалин хөлс, ажлын орчин нөхцөлөө голж байж магадгүй” хэмээн ярив
Орон нутагт төдийгүй нийслэлд гадаад хэлний багш нар эрэлттэй мэргэжилтнүүдэд тооцогдох болсон. Ялангуяа хөл хорио тавигдсан нь хүүхэд, залуус, иргэдийг гэртээ суунгаа цахимаар гадаад хэл сурах боломжийг өсгөн, эх орноосоо олон улсын сургуулиудад онлайнаар суралцан, төгсөхөөр хичээх хүмүүсийг идэвхжүүлжээ. Гадаад хэлний сургалтын төвийн захирал И “Олон улсад нэр хүндтэй их сургуулиудад хийж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд, шинжлэх ухааны нийтлэл, лабараторийн тайлангуудын 85, техник, технологийн талаарх мэдээллийн 80 хувь нь англи хэлээр гарч байна. Гэтэл манайд эл хэлний багш дутагдалтай буюу 2020 оны байдлаар англи хэлний 3000 багш байгаа гэсэн албан бус тооцоо гарсан. Миний бодлоор багадаа 10 000 багштай байж, залуусыг хэл сурахад илүү хурдан туслах байх. Заавал багш мэргэжил эзэмшээгүй ч хүнд зааж сургаж чаддаг хэнийг ч бид ажилд авахад бэлэн” гэлээ. Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцах, хэлний мэдлэгтэй болох шаардлага байгаа, ийм мэргэжилтнүүдийг ажилд авах боломжтой талаар ийнхүү хоёр ч хүн дурдлаа.
Цар тахлын үед орлого ашиг нь буураагүй, харин ч ажил нь өссөн, хүний нөөцөө нэмэхээр чадварлаг мэргэжилтэн, ажилчид хайж буй салбар бол техник, технологийнхноос гадна хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэгчид, эмнэлэг, сувилахуй ухаан, ниймгийн эрүүл мэнд, боловсрол аж. Мөн авто машин, техник, тоног, төхөөрөмж, цахилгаан барааны засварчид эрэлт ихтэй байна. Харин үйлчилгээний байгууллагад ажиллагсад, зочин угтагч, худалдагч, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтны орон тоо багасжээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас гуравдугаар сард гаргасан судалгаагаар манай улсад ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж өмнөх оныхоос буурсан бол ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөгт хүрч ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ өссөн нь ажилгүй хүмүүсийн тоо ахисан гэдгийг илтгэх боломжтой. Мөн 2020 онд 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлснээс 98 мянга нь X тайлан гаргасан ба энэ нь өнгөрсөн жилийнхээс 27 000-аар өссөн дүн гэдгийг ч МҮХАҮТ-аас мэдээлсэн. Мэдээж энэ хэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдон, ажилгүйчүүд олширсон гэсэн үг. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тайланд дурдсанаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо улсын хэмжээнд өнгөрсөн сард 16 689 байсан нь 2020 оны мөн үеийнхээс 4000 орчмоор багассан дүн гэжээ. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ, Х тайлан ирүүлж буй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн атал бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан шалтгаан болон хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг “Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тайланд үндэслэсэн тоог баримтална. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурсан нь үнэн гэсэн үг. Ер нь иргэд ажил хайх, ажил хийх сонирхол бага байгааг хэлэх нь зүйтэй. Салбарын яамнаас цахим өдөрлөг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 1200 гаруй ажлын байрны талаар мэдээлснээс хойш 10 гаруй хоног өнгөрлөө. Гэтэл 120 орчим хүн л ажилд орохоор бүртгүүлсэн байна. Иргэд цалин хөлс, ажлын орчин нөхцөлөө голж байж магадгүй” хэмээн ярив.
Төв аймгийн Батсүмбэр сумд малчин ажилд авах зар тавин, гурван сарын хугацаа өнгөрсөн ч хэн ч сонирхоогүй гэнэ. Гэр бүлээрээ ажиллах, туслах малчин авах хүсэлтэй Б.Мөнх “Манайх 300 гаруй үхэртэй айл. Үхэр маллах, саалиа боловсруулан цагаан идээ бэлтгэх гэр бүлийг ажилд авч, сард тус бүрт нь 500 000 төгрөг өгч, сайн дурын даатгалд хамруулах (сард нэг хүнд 56 700 төгрөг төлнө) боломжтой. Бүрэн тавилгатай гэрт байлган, цахилгааны мөнгө авахгүй гэсэн ч хүмүүс цалин бага, ажил их гээд сонирхохгүй юм. Сард нэг саяас дээш төгрөг нэг айлд бэлнээр олгож одоохондоо чадахгүй. Хэрэв сайн ажиллавал саалийн үнээ, идэшний мал өгч, хөдөө төвхнөхөд нь тусалж бололгүй яах вэ” гэлээ.
БНХАУ-д хэл шинжээч, олон улс судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн Э.Өлзий “Хятад хэлийг боломжийн түвшинд сурахаар багагүй мөнгө зарцуулж, цөөнгүй жилээ зориулсан. Гэтэл Монголд хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх, гайгүй цалин авах боломж алга гэхэд болно. Би урд хөршийн хөрөнгө оруулалттай барилга, угсралтын компанид орчуулагч, менежерээр долоо хоногт зургаан өдөр, өдөр бүр бараг 10 цаг ажиллаад нэг сая гаруй төгрөгийн л цалин авч байсан. Мэргэжлийн хэллэгтэй, нарийн төвөгтэй ажлын аман болон бичгийн орчуулга хийж, ачаалалтай ажиллачихаад ийм бага хөлс авах хэцүү. Тиймээс ажлаасаа гарсан. Цаашид юу хийхээ бодож байна” гэсэн юм.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас хамгийн сүүлд буюу 2019 онд гаргасан тайланд хөдөлмөр эрхэлж байгаа ч ажлаа солих хүсэлтэй иргэдийн 47.9 хувь нь цалин, орлого хүрэлцэхгүй, 28 хувь нь эзэмшсэн мэргэжил, ур чадвараа ашиглан мэргэжлийн бус салбартаа хүч үзэхээр зорьж байна гэжээ. Хөдөлмөр эрхэлж байгаа ч ажлаа солих хүсэлтэй, мөн ажлаас гараад удаагүй дөрвөн хүн тутмын гурав нь орлого нь хүрэлцээгүй буюу цалин бага гэсэн шалтгаан хэлжээ. Түүнчлэн иргэд сургууль төгссөнөөс хойш гурван жилийн турш эдийн засгийн идэвхтэй, цалингийнхаа талаар санаа зовохгүй байдгийг дээрх судалгаанд дурдсан байна. Ийм хэсэгт банк санхүү, бизнес, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр төгсөгчид түлхүү багтсан аж. Харин орлого багатай, ажил хийх идэвх нь хамгийн ихээр буурсан хэсэгт нь хөдөө аж ахуй, эрүүл мэнд, үйлчилгээний чиглэлээр төгсөгчид орсон байв. Түүнчлэн ажил эрхлэх түвшингээр нь ангилбал эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөгчдийн 94.6, эрчим хүчний салбарынхны 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэгвэл боловсрол, сурган хүмүүжүүлэх чиглэлээр төгсөгчдийн 42.5, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн 24.8 хувь нь өөр салбар руу шилжсэн, мэргэжлийн бус ажил хийж байна гэсэн тооцоог ХХҮЕГ гаргажээ.
Ажил хайсан иргэнд тохирсон ажил нь олдохгүй, эсвэл цалин хөлс нь таалагдахгүй, ажилтан хайсан байгууллагууд нь чадварлаг мэргэжилтэн, ажилчид олж авч чадахгүй байгаа талаар цөөнгүй жишээ бичиж болох нь. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдолтой ч ажилгүйчүүдээр дүүрэн бэрхшээл манайд байна. Энэ нь цалин бага, халамж их байгаатай шууд холбоотой. Ямар ч хүн дунджаар 600 000 төгрөгийн цалин авч, ажил хийж, явдал чирэгдэл болсноос хүүхдийн, одонгийн мөнгө бусад халамж, тэтгэмжээс сард 500 000 төгрөг авах боломж эдлэхийг илүүд үзнэ. Дунд, урт хугацаанд бид ажлын байрны үнэлэмжийг нэмэх, халамжийг хавтгайруулан олгохоо багасгахгүй бол ажил хийх хүн, эсвэл ажилд тэнцэхүйц мэргэжилтэн улам бүр олдохоо байж иргэд, өрхийн амьжиргаа дээшлэхгүй хэвээр үлдэнэ” гэлээ. Эндээс харахад товчхондоо, манай улс хөдөлмөрийн хөлсний хэмжээгээ үе шаттай өсгөх, халамжийг багасгах, иргэд ч ур чадвараа дээшлүүлж илүү цалин орлого өгч чадахуйц, эрэлттэй мэргэжил эзэмших, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагатай болжээ.
Ташрамд дурдахад, статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний улирлын байдлаар 205.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 14.9 мянга буюу 7.8 хувиар өссөн дүн болжээ. Түүнчлэн өнгөрсөн улирлынхаасаа 5.3 мянга буюу 2.6 хувиар нэмэгдсэн нь манай улсад шинэ тутам байгуулагдсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн тоо буурахгүй, ахиж буй, улмаар ажлын байр олшрох боломжтойг харуулж байна.