Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "10 их наядын хөтөлбөр нь төсөв, мөнгөний бодлогод хүчтэй нөлөөлсөн, Засгийн газраас "Монголбанк"-ны хараат бус байдалд халдсан ажил боллоо. Мөн "Карантин-14", "Мэдээллийн урсгал" зэрэг иргэдийн тарихыг угаасан, мөнгө "хийсгэсэн" ажил ихээр хийв. Энэ мэтчилэн мөнгө үрсэн, хоорондын уялдаа холбоогүй олон шийдвэр гаргаж, иргэдэд хүндрэл учрууллаа. Өдгөө Монгол Улсын гадаад өр 32.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь өмнөх улирлаас 969 сая ам.доллароор өссөн үзүүлэлт. Ерөнхий сайд цахилгаан, ус, дулаан, хүүхдийн мөнгө зэргийг он дуустал олгохоор судалж байгаа хэмээн мэдээлсэн нь эдийн засгийн суурь үзүүлэлт муу байгаа энэ үед боломжгүй зүйл. Иргэдийг тайвшруулж, аргацааж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар гамшгийн үед менежмент хийх чадваргүй болох нь харагдлаа. "Нэг хаалга-нэг шинжилгээ" гэх үр дүнгүй ажлыг гүйцэтгэхийн тулд 8.4 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн. 2020 онд цар тахалтай тэмцэхийн тулд 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Мөн гадаад орнуудын хандив, тусламжаар олгосон 659 сая ам.долларыг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл алга" гэв.