Чингэлтэй дүүрэгт төрөөд удаагүй хөхүүл эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 10-нд гарсан. ШШҮХ-ээс уг эмэгтэй ямар шатлгааны улмаас нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарсанг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.
Тэрбээр, "ШШҮХ-ийн эмгэг судлалын шинжилгээгээр бүсгүйн эндсэн шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болжээ. Тодруулбал, тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт аневризм буюу судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
Харамсалтайгаар нас барсан эмэгтэй маань даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан, жирэмсний хяналтын картад мөн энэ талаар бүртгэгдсэн байна. Уг эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Тиймээс бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Хармсалтай нь талийгаач эмэгтэй оношоо мэдэхгүй, санамсаргүй байдлаар судасны аневризм болсон нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцаад тархинд цус харваж нас барсан тохиолдол болсон байна" гэв.