Япон улс вакцины хувиарлалтын асуудлаар дээд хэмжээний цахим уулзалт зохион байгуулах болсон талаар тус улсын Гадаад хэргийн яамны сайд Мотэги Тошимицү Мягмар гарагт/2021.05.11/ мэдэгдсэнийг NHK World — Japan уламжлав.
Мотеги сэтгүүлчдэд хэлэхдээ, уулзалтыг Япон улс хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй олон улсын Гави Холбоотой хамтран ирэх зургадугаар сарын 2-нд зохион байгуулах аж. Түүний хэлснээр уулзалтад Ерөнхий сайд Суга Ёшихидэ оролцох юм байна.
Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад буй энэ цаг үед вакциныг тэгш хуваарилах нь тулгамдсан асуудал болоод байгааг М.Тошимицү онцлон тэмдэглэжээ. Мөн энэхүү уулзалт хөгжиж буй орнуудад аюулгүй, үр дүнтэй вакцин нийлүүлэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Япон улс коронавирусний вакциныг тэгш хийгээд хүртээмжтэй хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж магадгүй гэдгийг тэрбээр дурдсан байна. Япон улс “COVAX” хөтөлбөрт 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа ажээ.