Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн өргөн дэлгэцээр хамтдаа үзсэн юм. Энэ үеэр бие бүрэлдэхүүнд эх орны дайны ялалтын ач холбогдол, цэрэг дайны түүхийг сурталчлах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ялалтын баярын сэдэвт “Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг 2 үе шаттайгаар зохион явууллаа.
Уралдааны тэргүүн байрт “Журавли” дуугаар дэд ахлагч Б.Буянхишиг, дэд байрт “Два орла” дуугаар дэд ахлагч М.Батмөнх, гутгаар байрт “День победы” дуугаар ахлагч Ж.Баттулга нар шалгарсан юм.