Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүний орон тоо гурав байсныг оны өмнөхөн тав болгож нэмсэн. 2021 оны дөрөвдүгээр сард 2-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан билээ. Тодорхой хэлбэл, уг хуулийг баталснаар ХЭҮК-ын гишүүний орон тоо тав байсныг дахин нэгээр нэмэгдүүлж зургаа болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэсэн үг. Иргэний нийгмийн байгууллагууд ХЭҮК-т гишүүний тоог нэмэх нь буруу хэмээн эсэргүүцсэн ч тусыг эс олсон.
Тиймээс ХЭҮК-ын нэг гишүүнийг шалгаруулах "марофон" эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороог байгуулсанаас үүдэн Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг тус тус сонгон шалгаруулахаар болжээ. ХЭҮК-ын гишүүнийг сонгох шалгаруулалт тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10-ны өдрийн 17.30 цаг хүртэл болно. Эл хугацаанд ХЭҮК-ын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт нэр дэвших тухай хүсэлтээ гаргах боломжтой аж.