Их дэлгүүрээс холгүй байрлах, бэлэн хувцасны нэгэн дэлгүүрийн үүдэнд улаан өнгөөр, томоор бичсэн “Нээлтийн урамшуулал” гэсэн самбар байна. Үйл ажиллагаагаа шинээр эхэлсэн газар уу гэтэл үгүй аж. Тэгээд яагаад “нээлтийн” гэж онцолсныг нь асуухад “Цар тахлын улмаас ойрхон зайтай 2-3 удаа хөл хорионд нам “даруулж”, ялангуяа сүүлийн сар орчим хугацаанд бараг “үхсэн” аж ахуйн нэгжүүд өнөөдөр (хөл хориог сулруулсан эхний өдөр) амь орж эхэлж байгааг бэлгэшээж ажлын анхны өдрийг урамшууллаар эхлэхээр шийдсэн. Хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүн худалддаг бидний хувьд шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаагаас ялгаагүй” гээд орж ирсэн үйлчлүүлэгчийг үнэн сэтгэлээсээ инээмсэглэн угтаж, бүр баяр хөөр болох нь урамтай. Энэ сарын 8-нд ийм эелдэг инээмсэглэлээр мялаалган, үйлчилгээ авсан нь хэдэнтээ. Ам нь “үдээтэй”, ажлаа гэхээсээ илүүтэй утсаа “маажих” сонирхолтой, тоомжиргүй царайтай, харилцааны соёлгүй худалдагч, худалдаа эрхлэгчдэд цар тахал нэгийг бодуулах сургамж болсон нь олзуурхууштай санагдлаа.
Хөл хорионоос “мултарснаас” хойших гурав дахь буюу шинэ долоо хоногийн эхний өдрийн өглөө харин “Бөмбөгөр” худалдааны төвийн ахуйн барааны зарим тасагт дүр зураг арай өөр байлаа. Ногоо арилгагч, аяга хатаагч, тогоо, цайны гүц, угаалгын өрөөний дэвсгэр гэхчлэн элдэв зүйлийн үнэ асуух хүмүүст ээрэгдээд залхсан зарим худалдагч хөл хорио гэдгийг огт мэдэхгүй үеийнх шигээ тун “омголон”, уцаарлангуй харагдав. Олон хоног гэрээс гараагүй хүмүүс дэлгүүр хэсэж, нүд, сэтгэлийнхээ чилээг гаргаж явна уу гэлтэй үүнийг ч, түүнийг ч үзэж сонирхон, үнэ ханшийг нь асууж худалдагчдын “нурууг” авч байх шиг. Ерөнхийдөө зах, худалдааны төвүүдийн хоол, хүнсний лангуунуудаас илүүтэй, ахуйн барааных нь хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Төмс арилгагч асуугаад энэ худалдагчийн хажууд 10 минут зогсож байна” гэх нэг хижээл эр “Тав, аравхан хүнд аятайхан үйлчилж чадахгүй, нэгтэй нь ярихаараа нөгөөдүүлийг нь тоодоггүй, ёстой заяа нь хаясан юм. Өч төчнөөн хоногийн дараа онгойж байж ахиухан орлого хийхээ боддоггүй юм байх даа” хэмээн үглээд, хажуугийн лангуу руу явчихав. Хэрэлдэж, сайдаж л байдаг “хэвийн” амьдралдаа эргэн орсон үйлчлүүлэгч, үйлчлэгч нарын энгийн дүр зургийг эндээс харлаа. Энэ мэт унтууцсан байдалтай ч амьдрал ямар нэгэн хорио саадгүй үргэлжилж буй нь сайхан.
Энэ өглөө банк, төрийн үйлчилгээний байгууллагууд ёстой л хүнээр хахлаа. Ийм байдал үдээс хойш ч үргэлжилсээр, ажил тарах үед ч бараг шингэрсэнгүй. 09.00 цаг гэхэд банкуудын гадаа урт дараалал үүссэн байв, ХААН, Худалдаа хөгжлийн, “Голомт” банк гээд ялгаагүй. Ялангуяа Төрийн банкны салбаруудын гадаа иргэд хэд “ороон” дугаарласан харагдав. Банкууд дөрөв дэх хөл хорионы сүүлийн 14 хоногт 100 хувь цахимаар үйл ажиллагаа явуулсан нь интернэтийн хэрэглээ хязгаарлагдмал, эсвэл огт ашигладаггүй, ухаалаг гар утасгүй, харааны бэрхшээлтэй зэрэг янз бүрийн шалтгаантай олон иргэний хувьд хаалттайгаас ялгаагүй байжээ.
Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дахь, Төрийн банкны “Урт цагаан” тооцооны төвийнхөн иргэдийг тав, таваар нь дотогш нэвтрүүлэн үйлчилж, халдвар хамгааллын дэглэм сахиж байсан ч гадаа нь харин эсрэгээрээ түм түчигнэж, тэврэлдэх шахам зогсох хүмүүс тун ууртай байв. “Урт хугацаанд хөл хорио тогтоож, халдварыг буурууллаа гээд байсан. Үр дүнг нь өнөөдөр ингээд хийсгэснээс ялгаагүй боллоо” гэж халаглах настан викцинжуулалтад бүрэн хамрагдсаны төлөөх “урамшууллаа” авахаар ирсэн гэнэ. Түүнтэй адил “Вакцины 50”-иа авна” гэсэн хүн олон. Мөн “Засгийн газрын 300-гаа аваагүй” гэж өөр хоорондоо ярих иргэд ч цөөнгүй байлаа. Засгийн газраас цар тахлын үед иргэдээ эдийн засгаар дэмжихээр олгосон 300 мянга болон вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст дархлаагаа дэмжихэд нь зориулан 50 мянган төгрөг өгснийг ийнхүү товчлон “томьёолжээ”.
Банкны гадаа бөөгнөрөл үүсгэсэн иргэдийн дунд залуучууд нэлээд харагдав. Тэд ихэвчлэн цахим карт захиалах, өмнө нь захиалснаа авах, орон сууцын болон сургалтын зээлийн төлбөр төлөхөөр ирсэн аж. “Тэтгэврийн мөнгөө авмаар байна” гэж дугаарласан олны дундуур “шургачих” санаатай зөрүүдлэх настай эмэгтэй “Манай ач охин тэтгэврийн насных. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү явсан. Тэтгэврээ тогтоолгох бичиг баримтаа аваачиж өгчихөөд ирээд, намайг авна. Бас нэг зээ хүү минь картаа “залгиулчихсан” гээд “Голомт” банк руу явсан” гэхчлэн яриа дэлгэв. Ингээд ганц энэ айлаар төлөөлөөд тооцоолоход улаанбаатарчуудын хэдэн хувь нь энэ өдөр банк, төрийн үйлчилгээний байгууллагын үүд “сахихаар” гэрээсээ гарсан бол.
Сонины маань гэрэл зургийн сурвалжлагч Чингэлтэй дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвөөр үйлчлүүлээд ирэхдээ “Пиг хүн” хэмээн толгой сэгсрэв. Зөвхөн энэ газар ч бус, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тэр дундаа дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүд энэ өдөр онцгой ачаалалтай байлаа. Ингэж “оволзсоны” учир нь мөн л хөл хориотой холбоотой. Тэтгэврийн, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх, зөвлөгөө авах, сайн дурын даатгалын гэрээ сунгуулах гэх мэт олон шалтгаантай, заримынх нь хувьд биеэр ирэхгүй байх боломжтой асуудлаар хүртэл энд иржээ. Бүр “төөрчихсөн” газар эзэмшигчийн гэрчилгээ авах, сунгуулахад хаана хандах вэ гэж яваа нэгэн ч байлаа. Нийгмийн даатгалын хэлтсүүдийн байцаагч, мэргэжилтнүүд иргэдийг тайлан, материал, бичиг баримтаа цахимаар илгээхийг зөвлөж байсан ч үнэндээ үрэгдэж, алга болчихвол төвөг гэсэн байр сууринаас болгоомжилж, биеэр авчирч өгч байгаагаа хүмүүс учирласан. Нэг талаас тэднийг буруутгах аргагүй, нөгөөтээгүүр, төрийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр чирэгдэл үүсгэдэгтэй энэ нь холбоотой. Өөр нэг шалтгаан нь төрийн үйлчилгээг цахимжуулах ажил манайд шинэ тутам хөгжиж буй учраас жигдэртлээ ийнхүү биеэрээ “тулалдсаар” байх болов уу. Ташрамд дурдахад, энэ ажил харьцангуй үр дүнтэй, басхүү хурдан явж байгаад олон хүн ам сайтай байлаа.
Хөл хорионы улмаас сар шахам хөдөлгөөн нь хязгаарлагдсан нийслэлчүүд тавдугаар сарын 10-ны даваа гаргийг ийнхүү бужигнаантай эхлүүлж, түчигнээнтэй үргэлжлүүлсэн юм. Өнөөдөр, маргаашдаа ч ийм байдал давтагдах нь лавтай. Гэхдээ амьдрал бужигнаж, буцалж, бухимдаж, уйлж, дуулж байхдаа илүү “амттай” байдгийг бид төдийгүй дэлхий нийтээрээ сүүлийн хоёр жилийн хугацаанд илүү мэдэрсэн. Тэгэхээр бужигнасан хэмнэлд бухимдах хэрэггүй болов уу. Ямартай ч цар тахлын нөхцөл байдал “уярч”, хэвийн амьдралдаа буцаад орох цаг улам айсуй, бөөн баяр биш гэж үү.