ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа, хүний хөдөлмөрлөх эрхэд нөлөөлөх байдал” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн 10 гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй үр нөлөө үүссэн тул орон нутгийн иргэд болон нүүрс тээврийн жолооч нарын эрхийн асуудлыг Комиссоос 2018 онд бие даасан үнэлгээ хийлгэж, дүгнэжээ. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хөдөлмөрийн эрүүл ахуйн сарын аяны хүрээнд нүүрс тээвэрлэгч жолооч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар цахим хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн нүүрс тээвэрлэгчдийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл оролцож мэдээдэл солилцлоо. 2021 онд нүүрс тээвэрлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд ХЭҮК, МҮЭХ, МХЕГ хамтарсан хяналт шалгалт хийхээр төлөвлөснийг мэдээлэв.