Тэртээ 1961 онд ашиглалтад оруулсан Энхтайваны гүүрэнд 1983 болон 2004 онд их засвар хийж байжээ. Харин урсгал засварыг жил бүр биш ч өнжөөд нэг удаа хийж ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ оны ээлжит урсгал засварыг хотын дарга Д.Сумъяабазар санаачлан, нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан болон холбогдох байгууллагууд хамтран хийж, гүйцэтгэлээ. Харамсалтай нь, гүүрний засвар, шинэчлэлийн ажил иргэдийн шүүмжлэлд багагүй өртөв.
Нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдийн хөдөлгөөн багассан завшааныг ашиглан Энхтайваны гүүрийг засварлах санаачилгыг хотын дарга гаргаж, иргэд ч өнгө будаг алагласан гүүртэй болох нь хэмээн баярласан нь лавтай. Хөл хориог сулруулахтай зэрэгцэн гүүрний засварын ажил ч өндөрлөлөө. Гэвч хүлээлт өндөртэй байсан эл засварын ажил иргэдийн сэтгэлд нийцсэнгүй. Чанар, стандартын дагуу хэмээх тодотголтой, олон улсын түвшинд хийдэг гэх гүйлтийн резинэн хучилт нь дэгэн догон, бороо, салхи, шороонд хуурч унах нь холгүй хэврэг ажээ. Тодруулбал, гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замыг дээр дурдсанчлан резинэн хавтангаар хучсан юм. Тэд засварын ажлыг эхлүүлэх үедээ “Бетонон суурьтай замыг будаад өнгөрдөг байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын материалаар бүрж байна. Энэ нь насжилтын хувьд ч удаан” хэмээн хийх ажлаа дөвийлгэж ярьсаныг санах хүн олон биз. Гэхдээ чанар, стандартын дагуу хийсэн гэх дээрх зам энхэл донхолтой, зарим газраа хууларсан нь нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэг нь болжээ. Уг нь хотын дарга нь зам засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болгосон юм сан. “Чих хатуу” алба хаагчид нь засварын ажлыг “халтуурдав” уу, эсвэл хотын дарга нь албан ажлаа “завхруулав” уу. Ямартай ч үүний горыг нь иргэд л амсахаар байна.
Тэдний ажил нэртэй “завхарсан” үйлдэл үүгээр дуусахгүй. Дээр дурдсан 1400 ам метр талбайг хучих резин буюу түүхий эд нь БНХАУ-ын Эрээн хотод саатсан тул 400 орчим ам метрийнх нь засварыг дутуу орхижээ. Холбогдох албаныхан нь 400 орчим хэмээн мэдээлсэн ч начир дээрээ түүнээс илүү хэсгийнх нь засварыг хийгээгүй үлдээсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, гүүрний хоёр талын явган зорчигчийн хэсгийн нэгийнх нь засварыг хийлгүй үлдээжээ. Хийсэн нэртэй хэсэг газар нь ч хуурч унах нь холгүй харагдана.
Гүүрний засвараас нүдэнд торсон, гялайх ганц зүйл нь дөрвөн асрын шинэчлэлт гэхэд хилсдэхгүй. Холоос харвал хуучнаасаа нэлээд дээрдсэн дөрвөн асар ундуй, сундуй Улаанбаатарт минь бага ч гэсэн өнгө нэмэх аж. Ойртоод ажвал будаг, шохойн дусалд дарагдсан, хуучирч муудсан цементэн шалтай нь нүдэнд илт. Тэнд хогийн сав ч алга. Засварын ажлаас үлдсэн бололтой барилгын зарим хаягдал хэрэгслийг шуудайд хийн, овоолжээ. Цэцгийн мандал тарих зориулалттай чулуун хоргыг шороогоор дүүргэсэн нь үзэмж муутай гүүрийг бүр ч гундаах мэт харагдана.
Хотын дарга Д.Сумъяабазар засварын ажлыг эхлүүлэхдээ “Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн. Хүн амынх нь тал хувь нь амьдардаг нийслэлийн удирдлагуудын нөөц бололцоо “иймхэн” байгаа нь харамсалтай. Засвар, шинэчлэлтийн ажилд хэчнээн төгрөг зарцуулсан талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад “Бид мэдэхгүй. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруул” гэв. Харин нийслэлийн авто замын хөгжлийн газрынхан “Мэдээллийг нь холбогдох хүнээс нь асуугаад хариу өгье” гэсэн боловч утсаа салгаад алга болох нь тэр. Ямартай ч хуучирч муудсаныг нь засварлаж өнгө нэмэх гэсэн өнгөлөн далдлалтын ажил нь бүтэлгүйтсэн гэвэл зүйд нийцэхээр болжээ.