Хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Чулуун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж, ХНХЯ-ны гадна суулт хийж эхэлсэн. Тэрбээр ХБХХЕГ-ын удирдлага, хэлтсийн дарга нартай холбоотой долоон асуудлыг хөндөж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Харин маргааш өглөө түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүлээж авч уулзахаар болсон гэнэ. Түүнээс урьтаж ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн М.Чулуун-Эрдэнэтэй уулзаж, сонсгол хийсэн байна. Ер нь ХБХХЕГ-ын удирдлагатай холбоотой гомдол, санал өөр байгууллагуудаас ч ирсэн гэнэ. Тиймээс тэдгээр гомдлыг нэгтгэж шалгах ажлын хэсэг байгуулжээ.
М.Чулуун-Эрдэнэ 2018 онд ХБХХЕГ-т ажилд орсон аж. Улмаар сүүлийн гурван жил ХБХХЕГ-ын удирдлагатай холбоотой зүй бус үйлдлийг шүүмжилсээр ирсэн байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд А.Ариунзаяа сайдад хандаж, өргөдөл гомдол гаргаж байжээ. ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн өнөөдөр түүнийг хүлээн авч уулзаж, гомдлыг дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлснээ танилцуулсан байна. Үүний дагуу Ч.Чулуун-Эрдэнэ суултаа зогсоожээ.