“Монгол цэргийн өдөр”-өөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулалгүй өнгөрсөн. УОК хатуу хөл хориог сулруулсан тул Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг цомхон тэмдэглэж, зарим алба хаагчдаа урамшуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга уг ойн баярт оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагнажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү,
ЗХЖШ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг, Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Доржготов нар шагнагдав. Мөн Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Гансүхийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн нярав Ц.Төмөртогоог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч О.Аaбаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Ч.Ганболд нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нярав С.Батцэцэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Ч.Батжаргал нарыг Алтан гадас одонгоор, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, хошууч С.Бямба-Очир, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч А.Уламбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйлчлэгч Ц.Уламбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйлчлэгч С.Батбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Ёслолын ажиллагаанд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцжээ.
Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээс түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг билээ. Өдгөө ч монгол цэргүүд өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэсээр ...