Олны анхаарал татсан хоёр ч хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид энэ долоо хоногт хэлэлцэхээр товложээ. Энэ лхагва гарагт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт нарт холбогдох 470 хавтас хэргийг шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хэлэлцэнэ. Түүнтэй хамт ял шийтгүүлсэн Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал байсан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал болон тэдний өмгөөлөгч нарын гомдол, хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэхээр уг нь өнгөрсөн сард товлосон ч Дээд шүүхийн байранд “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учраас хойшлуулсан юм. Түүнээс өмнө хэргийг хянаж буй шүүгч олон хавтас хэрэгтэй танилцахын тулд хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж байсан билээ. Анхан шатны шүүхээс С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
Тэгвэл тавдугаар сарын 14-ний баасан гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илтгэснээр хаалттай хэлэлцэх нь. Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн юм. Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэх заалтыг үндэслэсэн аж. Дээрх гурван хүнийг хаалттай хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү хэлэлцсэнээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргавал дээрх хүмүүсийг батлан даалтад өгөх, эсэхийг тухайн үед нь анхан шатны шүүх хэлэлцэх юм.