Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр дархлаажуулалтын явцыг танилцуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 879.998, орон нутагт 596.781 хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан гэнэ. Харин хоёрдугаар тунд нийслэлийн 470.548, орон нутгийн 139.526 хүн хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 1.476.779 боллоо. Мөн хоёрдугаар тунг 610.074 иргэн хийгээд байна.
Вакцинжуулалттай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн дунд түгээд буй учир ЭМЯ-наас хууч болон суурь өвчинтэй хүмүүсийг эмчийн хяналтад орсны дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө. Тодруулбал, зүрх, судасны болон архаг хууч өвчинтэй хүмүүс Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт эмчийн хяналтад орж, зөвлөгөө, мэдээлэл авсны дараа вакцинжуулалтад хамрагдах гэнэ.