УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "Монголд бүртгэгдсэн мутацид орсон вирусний геномын дараалал их өвөрмөц байгаа нь Япон улсад шинжлүүлсэн сорьцуудаас харагдаж байна. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий. Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацилагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж байгаатай холбоотойгоор иргэд сэрэмжээ алдахгүй байж, хайртай үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй" гэдгийг хэлэв.