Улаанбаатар хотод нийтийн тээврийн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, мөн аж ахуйн нэгжүүдийн хуваарьтай холбоотой Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжид хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаанд ажиллана. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Жишээ нь, маргааш буюу тавдугаар сарын 8-нд тэгш, 9-нд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл гэх байдлаар цаашид хөдөлгөөнд оролцох юм. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.