ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Covid-19 халдвар ба жирэмслэлт төрөлт, төрсний дараах үеийн тусламжийн талаар АУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Халдварын улмаас ураг амьгүй болж, савны гадуурх жирэмслэлт, дутуу төрөлт илүүтэй тохиолдож байна. Эхээс хүүхдэд халдвар тархах эрсдэл бага хэдий ч эхэсээр дамжуулан халдвар авсан тохиолдол Монголд бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 200 орчим коронавирусийн халдвартай эх төрсөн.
ХӨСҮТ-д эмчлүүлсэн жирэмсэн болон төрсөн 98 эхчүүдийг судалж үзэхэд 50 орчим хувь нь уушгины хатгалгаатай байсан. Төрсөн эхчүүдийн хоёр нярайгаас халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 119 жирэмсэн, төрсөн эхчүүд эмчлүүлж байна.
2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн олон улсын судалгаанд дурдсанаар цар тахлын өмнө эхийн эндэгдэл 168295 байсан бол цар тахлын үед 198993 болж нэмэгдсэн. Онцгой анхаарах ёстой өөр нэг асуудал нь сэтгэл гутрал. Төрсний дараах эхчүүдэд дааврын өөрчлөлтийн улмаас хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал явагддаг. Гэтэл дээрх судалгаагаар төрсний дараа биш жирэмсэн үед ч гэсэн сэтгэл гутрал маш их байгааг харуулсан. Цар тахлын өмнө 2330 байсан бол цар тахлын үед 6517 болж дөрөв дахин өссөн. Иймд жирэмсэн тохиолдол халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэйг анхааруулж байна" гэв.