Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЖАЙКА-тай хамтран 2021-2024 онд “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус төслийг танилцуулах нээлтийн семинар өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дахин дөрвөн жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Өнгөрсөн дөрвөн жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн салбарт ажиллагсдыг чадавхжуулах, нийгмийн загварын ойлголтыг олон нийтэд түгээх тогтолцоог бүрдүүлэх, хүртээмжийн талаарх ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд түгээх мэдээллийн лавлах “Цагаан ном” бүтээх зэрэг тогтолцооны шинжтэй өөрчлөлт шинэчлэлтийг Монголд нутагшуулахаар ажилласан. 2021-2024 онд “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, УИХ-аас 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, хөгжих, үйлчилгээг нь сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг аж ахуйн нэгж байгууллагад квот тогтоох болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэхийг дэмжих, ХБХ-ийг ажиллуулж буй ажил олгогчийг дэмжих гэсэн арга хэлбэрүүдээр дэмжиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид Хууль эрх зүйн орчноо сайжруулж, боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. ХНХСИ-ээс хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-гаар ажлын байрны тохируулга байхгүй, дэд бүтэц хүртээмжгүй, хамт олонд дасан зохицох байдал тааруу зэргээс болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын ажлын байраар хангагдах боломж муу байна гэсэн дүн гарсан. Ер нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, түүн дотроо тогтвор суурьшилтай хамт олонд орж ажиллах байдал бага байгаа нь ажиглагддаг. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах, хөдөлмөрт зуучлах цогц тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Иймд бид ЖАЙКА-тай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнд олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамт олны дунд ажиллаж, хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эгнээндээ нэгтгэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.