“Facebook”-н хяналтын зөвлөлөөс АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын Facebook, Instagramm дахь хуудсыг хаах шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээх ёстой гэжээ. Гэхдээ нийтийн сүлжээний дүрмээр хугацаагүй шийтгэлийг дур мэдэн тогтоохыг зөвшөөрөхгүй гэдгийг тэмдэглэж, энэ асуудлыг дахин эргэж харахыг зөвлөсөн байна. Зөвлөлийн шийдвэрийг компанийн цахим хуудаст Лхагва гарагт нийтэлжээ.
"2021 оны 1-р сарын 7-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Facebook, Instagramm сүлжээнд контент оруулах эрхийг хязгаарлах компанийн шийдвэрийг зөвлөл дэмжсэн. Гэхдээ ямар ч стандартад нийцүүлэлгүй тодорхой бус хугацаагаар хаасан нь буруу байсан" гэж зөвлөвлөл үзжээ.
Тиймээс Трампын хаягийг хаасан асуудлыг зургаан сарын дотор дахин авч үзэхийг “Facebook”-ээс зөвлөл хүссэн байна.
Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг хориглох шийдвэр гаргасан юм. “Facebook” компани Д.Трампын хаягийг нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийнх нь хугацааг дуусах хүртэл хаах гэж байсан ч удалгүй хугацааг нь сунгажээ.
“Facebook”-с гадна “Google” компанид хамаардаг “YouTube” дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн Д.Трампын хуудаст тавьсан хязгаарлалт одоог хүртэл үйлчилж байгаа юм.