Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэргэд шинээр баригдах вакцин, био бэлдмэлийн төв агуулахын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Тодруулбал, Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдаж буй тус барилга нь коронавирус болон бусад товлолт вакцин, дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах зориулалттай, хоёр давхар, 1686м2 талбайтай баригдах юм.
Одоо ашиглагдаж байгаа вакцины агуулахыг анх 2008 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилготойгоор ийнхүү ажлыг эхлүүлсэн байна.