ХНХЯ-наас цар тахлын хүндхэн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд дараах ажлуудыг хийснээ мэдээлэв. Нэн тэргүүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан боловч цар тахал газар авч, хатуу хөл хорио тогтоосон үед бизнес нь хүндэрсэн 2617 иргэний, 4.0 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн эргэн төлөх хугацааг 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулжээ. Мөн ХНХЯ-наас хатуу хөл хорионы үед хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2019, 2020 онуудад хамрагдан түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дэлгэрэнгүй судалгааг гаргажээ. Ингээд 2020 оны 11-12 сард хөл хорионы үеэр төлсөн ажлын байрны түрээсийг холбогдох шийдвэрийн дагуу нөхөн олгосон байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд 19 аж ахуйн нэгжид 9.4 сая төгрөг, төрийн бус 79 байгууллагад 36.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон аж.