Баянзүрх дүүргийн VIII хороо, “Икс аппартмент” хотхонд амьдардаг Г.Гандуулга ажил, гэрийнхээ хооронд дугуйгаар зорчоод хоёр жил болжээ. Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрний орчимд байрладаг түүний ажлын байрнаас гэр хүртэл нь гурван км гаруй зайтай. Энэ хооронд автомашинаар явбал, ялангуяа ажил цуглах, тарах үед авто зам түгжирсэн тохиолдолд 2-3 цаг зарцуулах магадлалтай гэсэн. Түүнчлэн шатахуун бага “иддэг” тэрэг унасан ч бензин болон зогсоолын төлбөрт сард 100 000 орчим төгрөг зарцуулж байжээ. Харин дугуй унадаг болсноор нэг талдаа 10 минут явж цагаа хэмнэх болов. Үүнээс гадна огт мөнгө гаргадаггүй, автомашин унадаг байх үеийн зардлаа 100 хувь хэмнэснийг тэрбээр хэлсэн юм. Г.Гандуулга “Дугуй эдийн засагт өгөөжтэй, эрүүл мэндээ сайжруулж, цагаа хэмнэх шилдэг сонголт яалт ч үгүй мөн. Дөрвөн дугуйгаа хоёроор сольсноос хойш би өвлөөс бусад улиралд ажил, гэрийнхээ хооронд явах зардлаа 100 хувь хэмнэлээ. Надаас үлгэр авч манай оффисын гурван ч хүн дугуйтай болсон” гэлээ. Мөн Баянгол дүүргийн V хорооны иргэн Ц.Батсайхан авто замын түгжрэлээс залхан, цагаа хэмнэх зорилгоор унадаг дугуй худалдан авч, ашиглаад гурван жил болжээ. “Shimano” фирмийн, нэг сая гаруй төгрөгийн үнэтэй дугуйг тэрбээр урьдчилгаа төлөлгүйгээр, хүүгүй зээлээр авч байж. Нэг жилийн хугацаанд сар бүр 84 000 төгрөг төлж лизингээ дуусгасан гэсэн. Дугуйтай болсноосоо хойш дулааны улиралд шатахууны мөнгө, гарааш, зогсоолын төлбөр төлөлгүй, санхүүгийн хэмнэлттэй амьдарч буйгаа тэрбээр онцолсон.
Манай улсад дугуй унадаг 30 000 хүн бий гэсэн судалгааг албаныхан 2020 оны эхээр гаргажээ. Тэгвэл дугуйн борлуулалт хэр байгаа талаар худалдаа эрхлэгч Т.Ганзоригоос тодруулахад “Би хүүхдийн дугуй зарж байгаад насанд хүрэгчдийнхийг борлуулаад дөрвөн жил боллоо. Сүүлийн хоёр жилд эрэлт нэмэгдсэн. Ялангуяа өнгөрсөн 2-3 дугаар сард манайх байгуулагдсан цагаасаа хойших хамгийн их борлуулалтыг хийн, бараг өдөр бүр нэг дугуй зарж чадлаа. Энэ нь хөл хорионы үед иргэд дугуйтай явахыг илүүд үзсэнтэй холбоотой байх. Бид БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн 3-4 төрлийн, 500 000 мянгаас таван сая хүртэлх төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн борлуулдаг. Нэг саяас дээш үнэтэйг нь нэг жил хүртэлх хугацаатай зээлээр авч, сарын хүүг нь уян хатан нөхцөлөөр, харилцан тохиролцож тогтоодог” хэмээн ярив.
Унадаг дугуйн хэрэглээ манайд жил ирэх бүр өссөөр буй нь эндээс харагдана. Импортын бүтээгдэхүүний тайланд ч худалдан авсан дүн нь нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил 19 962 дугуй худалдан авахад 1.1 сая гаруй ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ нь 2019 оныхоос тоо болон зарцуулсан хөрөнгийн хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн 2018 оныхтой харьцуулахад 4000-аар олон дугуй импортолсон байна. Үүнээс гадна мопед, цахилгаан хөдөлгүүрт дугуй, дугуйт тавцан зэргийн импорт ч сүүлийн гурван жилд тогтмол өсжээ. Улмаар нийслэлд “Атилла”, “Canon dell”, “Giant”, “Cube”, “Merida” зэрэг олон жилийн түүхтэй, нэр хүнд бүхий брэндийн албан ёсны борлуулагчид үйл ажиллагаа явуулж буй аж. Үнэ нь янз бүр бөгөөд аль улсад үйлдвэрлэсэн, ямар фирмийнх гэдгээсээ шалтгаалж насанд хүрэгчдэд зориулсан хуучин, шинэ дугуйны үнэ 200 000 төгрөгөөс эхэлж буй бол 20 саяын ханштай нь ч бийг цахим худалдааны суваг, борлуулагчдын танилцуулгаас харж болох нь.
Манай дугуйчдад тулгардаг хамгийн том бэрхшээл бол замын хүрэлцээгүй байдал. Өнгөрсөн жилийн байдлаар Улаанбаатарт 85 орчим км урт дугуйн зам бий гэсэн тооцоо хийжээ. 2020-2021 онд найман байршилд 52.8 км-ийг нэмж барихаар төлөвлөснөөс 7.2 км-ийг ашиглалтад оруулсан аж. Улмаар 2030 он гэхэд нийслэлд 800 км зам барьж, иргэдийг дугуйгаар аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцоллоо.
Зарим оронд дугуй ашиглаж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталдаг аж. Тухайлбал, Бельги улсын ихэнх компани дугуйгаар зорчдог ажилтандаа явсан км-ээр нь тооцон мөнгө олгон, улмаар төсвөөс уг хөрөнгөө гаргуулж авдаг аж. Түүнчлэн Данийн нийслэл Копенхаген хотод шинэ барилгын 100 ам метр тутамд дөрвөн дугуйны зогсоол хийх шаардлага тавьдаг гэнэ. Үүнээс гадна Нидерланд, ХБНГУ зэрэг цөөнгүй оронд шуудан хүргэгчид нь унадаг дугуйгаар ажлаа амжуулдаг жишиг тогтоод олон жил өнгөрчээ. Европын Холбооны улсуудын зарим их сургууль дугуйн засварын төв ажиллуулж, оюутнуудад хямд үнээр түрээслүүлдэг гэх мэт жишээ тун олон. Иргэд дугуйг хэрэглээ болгох нь урт хугацаанд төрийн зардлыг хэмнэн, агаарын бохирдол, хүлэмжийн хийн өсөлтөөс сэргийлж, нийгмийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө гэж тооцдог гэнэ. Үүнээс гадна дугуй хэрэглэгчийн тоогоор дэлхийд БНХАУ тэргүүн байр эзэлж, Зүүн өмнөд Азийн орнууд удаалж, энэ төрлийн соёлыг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй. БНХАУ нь дэлхийн зах зээл дэх дугуйны 95 хувийг нийлүүлж, үйлдвэрлэлээрээ ч нэгдүгээрт жагсдаг ажээ.
Дугуйг зориулалтаар нь уралдааны, бартаат замын, уулын, аяллын, хүүхдийн, ачааны, циркийн гэх мэтээр 30 гаруй ангилдаг юм байна. Худалдан авахаар сонирхож буй хүмүүс юуны өмнө ямар зориулалтаар ашиглахаа тодорхойлох хэрэгтэй гэнэ. Хэрэв уралдаан, тэмцээнд орох бол спортын тухайн төрөлд тохирсныг нь авах шаардлагатай. Эхлэн хичээллэх бол энгийн, хямдыг авах нь зүйтэй аж. Хөдөө явбал бартаат замынхыг, эсвэл, уулын дугуйнаас сонгох боломжтой. Хотод унах бол арай хөнгөн дугуй тохиромжтойг мэргэжилтнүүд зөвлөлөө.