Амьдарч буй нийгэм нь хүмүүсийг оюун ухааны доройтолд оруулах эрсдэлт хүчин зүйл болж байгааг Америкийн Висконсины анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүд шинэ судалгаагаараа тогтоожээ. Оюун ухааны доройтол болон дементиа буюу ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг нь ядуу, тарчиг орчинд төрж, өсөж, амьдралынхаа ихэнх үеийг өнгөрүүлсэн, үүнээс үүдэн архинд донтох, мансуурах зэргээр эрсдэлт зан үйлд “дөнгөлүүлсэн” хүмүүст түгээмэл илэрдэг болохыг таван жилийн хугацаанд олон улсын хэмжээнд нийгмийн янз бүрийн давхаргынхныг хамруулсан уг судалгаа харуулсан байна. Өөрөөр хэлбэл, ядуурал, тэр дундаа нийгэм, ахуй, орчны зүдүү байдал, түүнээс үүдэлтэй сөрөг үзэгдлүүд хүнийг мулгуу болгож, ухамсарт нь нөлөөлж байгаа нь хамгийн хөнөөлтэй үр дагавар гэдгийг тус их сургуулийн мэргэжилтнүүд онцолжээ.
Дементиа буюу сэтгэцийн олдмол эмгэгийн үед мэдлэг, практик, ур чадвараа янз бүрийн түвшинд алдсанаар тархины хөгжлийн үйл ажиллагаа буурч, зөнөгрөх шинж тэмдгүүд илэрдэг аж. Анагаахын онолын хувьд эл эмгэг ихэвчлэн өндөр настнуудад буюу бие махбодын хөгшрөх үйл явцтай холбоотой илэрдэг тархины хөгжлийн, оюун ухааны доройтол, зөнөх өвчин гэж үздэг байна. Тэгвэл нийгмийн байдал нь хүнийг сэтгэцийн олдмол эмгэгтэй болгох эрсдэлт хүчин зүйл гэдгийг гаргаж тавьснаараа эл судалгаа гойд ач холбогдолтой гэж олон улсын эрдэмтэн, судлаачид онцолсон байх юм.
Үүнээс үүдэн “Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь ийм шалтгаант сэтгэцийн эмгэгтэй бол” гэж эрхгүй санаа зовлоо. Бид эд материал, идэж, уухын хомсдолоос гадна хүн ёсны, зан чанарын гүн дутмагшилд орсон, асар стресстэй нийгэмд амьдарч байгаа нь хамгийн том асуудал. Энэ нь амиа егүүтгэх, архидан хөлчүүрхэх, мансуурах, хүчирхийлэх, мэдэхгүй хэрнээ бусдыг гутаан доромжлох, зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих гэхчлэн нийгэмд болж байгаа сөрөг үзэгдлүүдийн гол шалтгаан гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.
Сэтгэцийн олдмол эмгэгийн үед түрэмгий зан авир илрэх нь түгээмэл бөгөөд ой санамжид нь “эмх замбараагүй” асуудлууд бий болдог. Түүнчлэн ямар нэгэн зүйлд байнга сэтгэл дундуур байж, дургүйцэж, аливааг сөргөөр хүлээн авч, уурлаж бухимддаг аж. Яг л манай нийгмийн, бидний дүр зураг байгаа биз. Өөрийгөө шатаасан, өндрөөс үсэрсэн гээд энэ хорвоогийн жамаас өөр замаар талийж одсон нэгнийхээ тухай муу мэдээг бид сар алгасахгүй шахам сонсох болжээ. “Энэ хүнтэй л байхгүй бол амьдарч чадахгүй” гэх шалтгаанаар төрсөн үр, хүүхдээ хойт эцэг, эхийнх нь гарт алдсан мэдээ, мэдээлэлд цочирдох нь улам багасаж байна. Цэрэгт мордоод эргэж ирээгүй амь хэдээр тоологдож байгааг ч анхаарах сөхөөгүй болох нь. Бид бултаараа ийм муйхар, мулгуу болж байгаа нь үнэхээр ноцтой. Үүнд хувь хүнийг буруутгахаасаа илүүтэй нийгмийн байдалдаа, амьдарч буй нөхцөлдөө, төр, засгийн бодлогодоо анхаарах учиртайг америк судлаачид хэлээд өглөө. Цаг хугацаа алдалгүй энэ нөхцөл байдлаас гарах гарц, гаргалгаанд хүрэхгүй бол Монгол Улсын эд, эсүүд нөхөгдөхийн аргагүй болж, хувь хүний доройтолд бүхлээрээ орох нь.
Хувь хүний доройтол гэдэг нь юуны түрүүнд сэтгэлийн хямрал, хайхрамжгүй байдал гэсэн үндсэн хоёр шинж тэмдгээр илэрдэг талаар анагаах ухааны толь бичигт тэмдэглэжээ. Энэ үед сурах, танин мэдэх, хөгжиж дэвших хүсэл эрмэлзэлгүй, амьдрал, хүрээлэн буй орчиндоо сонирхолгүй болж, төвлөрөх чадвар мууддаг гэнэ. Ингэж доройтоход хайртай хүнээ алдах, ганцаардах зэрэг хувь хүний сэтгэлээс үүдэлтэй хямралаас гадна нийгэм, эдийн засгийн байдал асар их холбоотой. Найдваргүй байдал, ялангуяа удаа дараалан бүтэлгүйтэх нь хүнийг доройтуулан, улмаар хайхрамжгүй, дүйнгэ, хүсэл зориггүй болгодгийг мэргэжилтнүүд онцолжээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэлүүд нүүрлэсэн нь хаа газрынхныг сэтгэлийн хямралд оруулж байгаа, тэр дундаа буурай хөгжилтэй орныхон, Засгийн газрынх нь буруу үйл ажиллагааны улмаас иргэд нь хувь хүний доройтолд орох тохиолдол түгээмэл байгааг олон улсын шинжээчид амиа хорлох, эсвэл хэт амиа хичээх үзэгдэлд тулгуурлан тайлбарлажээ. Эцэстээ энэ бол нийгмийн байдал нь хүнийг оюун санааны ядуурал, зохиомол эмгэгтэй болгож буйн шинж гэдгийг анхааруулсан байна.
Нөгөөтээгүүр, хүмүүсийн соёлын хэрэгцээний түвшин буурах нь оюун санааны хамгийн адгийн доройтол учраас нийгмийг гэгээрүүлэх, тархийг нь тэжээх танин мэдэхүй, гоо зүйн, хүнлэг байхад уриалах, дуурайл болох хөтөлбөр, төслүүдийг олон шугамаар өгөх нь хүнээ хөгжүүлэх чухал алхам гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.
Ер нь хувь хүний болон нийгмийн доройтол, мөхөс, тарчиг байдал засаглалын муугаас нүүрлэдгийг хүн төрөлхтний түүх гэрчилсээр ирсэн. Энэ утгаараа нийгмийн доройтлыг оюун санааны үнэт зүйлсийн мухардал гэж тайлбарлах нь ч бий. Тиймээс энэ төрлийн доройтолд нэрвэгдсэн нийгэм өөртөө аюул тарьдаг болохыг колоничлогдсон улсуудын жишээгээр тайлбарласан нэгэн франц багшийн лекцийг олон жилийн өмнө сонсож байлаа.
Ойлгомжтой, ойлгомжгүй олон зүйл нуршсаны эцэст, бид өнөөдөр эд материалын ч, эрдэм боловсролын ч доройтолд орж, мулгуу муйхар амьдарч буй нь нийгмийг хамарсан олон жилийн ядуурал, хямралтай холбоотой байж болох ч хамгийн гол нь ийм нөхцөл байдлаас гарах тэмүүлэлгүй байгааг өчихийг хүслээ. Зурагтаар нэгэн ижил нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл хүлээн авахыг хэвийн үзэгдэл мэт хүлцэн тэвчтэлээ мулгуу болж, Монголын ядуурлын индексийг уулга алдах төдийхнөөр өнгөрүүлдэг бид харин бухимдаж, бусад руу шүлсээ үсэргэхдээ гаргууд болжээ. Энэ бол хүмүүнлэг нийгэмд гойд гаж үзэгдэл ч бидний хувьд хэдийн сонин содон зүйл байхаа больсон. Өдгөө ийм байдлаа л засаж, хүн болгон дор бүрнээ хичээж, нэгэн зүгт харж, тэмүүлье. Эс бөгөөс хэдий болтол үзэл санааны хувьд амьжиргааны түвшнээсээ дээшлэхгүй явах юм бэ. Нийгмийн ядуу, явцуу байдал нь иргэдийнхээ оюун санаанд нөлөөлж, тэнэг болгодгийг америк эрдэмтэд судлаад, тогтоогоод, мэдээлчихлээ. Ийм байтал бид одоо ядуу байдлын хүлээсэндээ баригдсаар байх уу. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэгчлэн “Нийгмийн байдал нь хүнээ мулгуу болгож байна” гэж анхааруулаад байхад бахь байдгаараа суувал ёстой л хохь болно. Бид өөрсдөө эхэлж байж нийгэм өөрчлөгдөнө шүү дээ.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход, нийгмийг өөрчилье гэхээр жагсаал, цуглаан, өлсгөлөн, тэмцэл, нийгмийн сүлжээний “байлдаан” гэж ойлговол бас өрөөсгөл. Хамгийн түрүүнд харилцаа, соёлын түвшиндээ анхаарч, бусдыг хүндлэхээс эхэлье. Тэгэхэд л өнөөх 30 гаруй жил араас нь “хөөцөлдөж” буй хүнлэг, хүмүүнлэг нийгмийн “сураг ажиг” гарна. Тэгээд төр барьж байгаа нь ч, түмэн олон нь ч сэтгэл, оюуны ариун цэврээ чандлан сахиж, хүндээ ээлтэй нийгмийн наад захын зарчмыг шугам болгоё. Хүнээ хүндэлдэг нийгэм бидний хувьд тун өчүүхэн байж мэдэх жижигхэн зүйлээс эхэлдгийг Шенгений орнууд, Европын улсууд гэхчлэн дэлхийн өнцөг булан бүрээс харж болно. Тэр газруудын дэлгүүр, худалдааны төвүүдийн сагс, тэргэнцэрт томруулдаг шил зүүлттэй байдаг юм билээ. Ердөө энэ мэт жижиг зүйлээс л хүндлэл эхэлнэ.
Өглөө зөрөөд өнгөрсөн хоёр эрийн яриа өөрийн эрхгүй чих дэлссэн юм. Гялгар уутанд хэдэн лааз шар айраг “ганзагалчихсан” хоёрын нэг нь “Эхнэрээ ажилд оруулахгүй бол үглээд хэцүү юм. Өөрөө ч ажил хиймээр байна гэдэг. Ер нь манай ч, эхнэрийн ч ах, дүү нарт ажил олдохгүй заяа нь хаячихсан юм” хэмээн бухимдахад жаахан халамцуу нөгөөх нь “Чиний буянд хоол, ундтай, гэр оронтой байж юун олон юм ярьдаг юм бэ. Яачихаад байгаа юм, дуугүй амьдрахгүй” гэж жигтэйхэн унтууцангаа “Хөгшөөн, хүнсний талон олох арга байна уу” гэж аргадангуй асуув. Өнөөдрийн манай нийгмийн хамгийн том толь болсон ийм хоёр хүнтэй өглөө “эрт” санамсаргүй таарахдаа “Хатуу хөл хорионы үеийн монголчуудын амьдралд сэдэв мундахгүй юм даа” гэж бодсон ч ядуу нийгэм хүнийг молхи болгодгийн бас нэгэн жишээ гэж “ухаж” дүгнэв.
Монголыг бүхэлд нь ядуу байлгахын тулд иргэдийн хөдөлмөрлөх “эрхийг хасаж”, халамжийн хамжлагат болгох бодлогоо төр, засгийнхан эргэж харахгүй бол энэ мэтээр онцгой нөхцөл байдалд ч айх аюулгүй шар айраг “эргүүлдэг” тэжээвэр мулгуу олшрох нь. Өнөөдөр улсын хүн амын гуравны нэг хувь нь ажилгүйдлийн улмаас ядуурлын түвшинд байгааг хоёр жилийн өмнөх албаны нэгэн тайланд дурджээ. Тэдгээр хүний олонх нь ид хөдөлмөрлөх насных гэж байсан. Өнөөдөр эл тоо дэлхийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдоод хэд дахин өссөн учраас тодорхой тоо баримт дурдах нь учир дутагдалтай болов уу. Ямартай ч нийгмийн ядуу байдал нь хүнээ оюуны ядууралд оруулж, насан туршид нь сэтгэлгээний доройтолтой, зэрэмдэг болгон “хүмүүжүүлдэг” болохыг дахин сануулъя.