Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр МСНЭ-ээс хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж
- Ikon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав,
- zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Лхагвадорж,
- ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга сэтгүүлч Д.Чанцалдулам,
- Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэл,
- yazguur.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Төгсбаяр нарыг "Ган үзэгтэн" цол тэмдгээр,
АНУ дахь Монгол телевизийн зураглаач-продюсер Д.Анхбаяр, тус телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Бямбасүрэн, зөв.мн сайтын маркетингийн менежер Ш.Анхтуяа нарыг "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан байна.
Мөн Глоб Интернэшнл төвөөс 2009 оноос жил бүр шалгаруулж буй хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналын 13 дахь эзнээр Монголын медиа корпорацын "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Г.Балжинням тодорлоо. Энэхүү шагналыг үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, эрсдэлд орсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд олгодог юм. Г.Балжинням нь “Эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан асуудлыг” сурвалжилсан сурвалжилгаараа энэхүү шагналын эзэн болж буй. Тэрбээр “ийм нэр хүндтэй шагнал хүртэж буйдаа баярласнаа” илэрхийлээд, мэдээллийг олон нийтийн сайн сайхны төлөө байх үйлсэд мэргэжил нэгт сэтгүүлчдээ үргэлжлүүлэн нэгдэхийг уриалав.