НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Глоб интернэшнл төвөөс жил бүр энэ өдрийг угтан Хэвлэлийн эрх чөлөөний тайлан (ХЭЧТ) гаргадаг билээ. Нээлттэй нийгэм форум хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр гаргасан 2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланг өнөөдөр танилцууллаа. Уг тайлан үндсэн гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, хэвлэл, мэдээллийн эрх зүйн орчныг долоон зүйлийн хүрээнд танилцуулсан бол, хоёрдугаарт Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдал ба 2020 онд гарсан онцлох зөрчлүүдийг нэрлэжээ. Харин, гуравдугаарт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг үүсгэсэн иргэний болон эрүүгийн хэрэг болоод үүнтэй холбогдох судалгааны дүнг үзэх боломжтой. Мөн хавсралтаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмж, КОВИД-19 цар тахлын үе дэх иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг оруулсан байна.
Глоб интернэшнл төвөөс 2020 оны арваннэгдүгээр сарын 25-наас 2021 оны хоёрдугаар сарын 25- ныг хүртэл гурван сарын хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн зөрчилд мониторинг хийжээ. Хамгийн их хандалттай, тогтмол ажиллагаатай 20 цахим хуудаст шүүлт хийх, фэйсбүүк, твиттер нийгмийн сүлжээний орчинд шүүлт хийх, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, редакцын эрхлэгчийн нэр дээр хаягласан аливаа зөрчил гарсан, эсэхийг судалжээ. Мониторингийн хугацаанд давхардсан тоогоор иргэний болон улс төрийн эрхийн 79 зөрчил бүртгэсэн байна. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн оны сүүлээр сэтгүүл зүйн 300 бүтээлч ажилтны дунд хийсэн судалгаагаар тэдний талаас дээш хувь нь “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш манай улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан” гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдагчдын гуравны хоёр нь тэдний түгээсэн бүх ба ихэнх мэдээлэлд албаны эх сурвалж зонхилсон гэжээ. Эх сурвалжийн тэнцвэрт байдал хангахад тулгарсан бэхшээлийн хувьд “сэтгүүлчид өөрийн цензурт автсан” гэдгээ онцолсон байна.
Өнгөрсөн хугацаанд үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөөний талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн өмнөх хуралдаанаас найман зөвлөмж өгсөн ч УИХ болон Засгийн газар хэрэгжээгүй гэнэ. Энэ энэ удаа Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд нэр төр гутаахтай холбоотой хэргийг Эрүүгийн хуулиас хасах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг хөхиүлэн дэмжих, интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах зөвлөмж нэмж өгсөнийг тус төвийнхөн тайландаа дурджээ.
Глоб интернэшнл төвөөс Хэвлэлийн эрх чөлөөний тайланд цугласан материалыг судлаад Монголд хэвлэлийн эрх чөлөө хангалтгүй байна гэж дүгнэлээ.
Дүгнэлттэй бүрэн эхээр нь танилцана уу.
-Зөрчлийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргаж байгаа нь ноцтой байна. Үүний шалтгаан нь тэдгээр албан тушаалтан цар тахлын үед аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүнийг эрхийг хамгийн бага хязгаарлах, бодитой байх хуульд заасан шаардлагыг бүрэн ойлгоогүй, судлаагүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Цар тахлын нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул төрийн албан тушаалтнууд бүх шатандаа олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлсэн мэдлэг, ур чадвар, зан үйлийш төлөвшүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна.
-Түүнчлэн дээрх асуудлаарх ХЭҮК-оос УОК-т удаа дараа өгсөн зөвлөмж, шаардлагад албан ёсоор хариу өгсөн эсэх тодорхойгүй байгаа нь цар тахлын үед хүний эрхийг хангах механизмыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.
-Цар тахлаар далимдуулан “хүн амын эрүүл мэндийг хамгаалах” гэдэг үндэслэлээр жагсаал, цуглааныг хориглох, хязгаарлах нь хүний үндсэн эрхийн зөрчил юм. Цаг үеийн тулгамдсан тодорхой асуудлаар иргэд байр сууриа илэрхийлэхэд хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн үндэслэл тавьж хязгаарлахгүйгээр, халдвар хамгааллын дэглэмээ сахисан тохиолдолд тайван замаар хуран цуглах боломж олгох нь зүйтэй.
-Засгийн газраас өнгөрсөн хугацаанд үнэн бодит мэдээллийг тогтмол, шуурхай, цаг тухайд нь хүртээмжтэй байдлаар хүргэх үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас иргэдийн суурь эрх, эрх чөлөө шууд зөрчигдөхөд хүргэсэн.
-Эрх бүхий байгууллагаас гарч буй аливаа тушаал, шийдвэр, захирамж нь хуульд үндэслэгдээгүй, захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдээгүй боловч бүх нийтээр дагаж мөрдөхийг үүрэг болгож буй явдал хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх эрсдэл дагуулж байна.
Ташрамд дурдахад, “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил бүр "Хэвлэлийн эрх чөлөөний индекс"-ыг гаргадаг. Уг индексээр дэлхийн улс орнуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөний байдал, сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг илтгэдэг. Хэвлэлийн эрх чөлөөний 2021 индексээр Монгол улс өнгөрсөн жилийнхээс таван байраар ахиж, 68-д жагсжээ. Энэ нь өнгөрсөн таван жилтэй харьцуулахад хамгийн дээгүүр байр эзэлсэн үзүүлэлт аж. Гэсэн ч хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “асуудал”-тай орны тоонд багтсан хэвээр байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” онцолжээ.