Дэлхий нийт жил бүрийн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Тэмдэглэхийн гол утга учир нь энэ өдөр төр, засгаас хэвлэлийн эрх чөлөөг боомилохгүй, эрх чөлөөг хангахыг шаардаж, эсрэгээрээ зарим сэтгүүлчид ёс зүйтэй байхыг сануулахад оршдог юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаатай дээрх сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Тавдугаар сарын 1,2 нд сэтгүүлчдийн номын өдөрлөгийг цахимаар зохион байгуулсан. Цахимаар өрнүүлсэн ч өдөрлөг их гоё боллоо. Хэчнээн сэтгүүлч, уран бүтээлчийн номыг олон нийтэд таниулж, сурталчлав?
-Сэтгүүлчдийн номын анхны өдөрлөг сайхан боллоо. Цаашид жил болгон уламжлал болгож, Сүхбаатарын талбайд номын яармаг үзэсгэлэн зохион байгуулах бодолтой байна. Хатуу хөл хорио тогтоосон учраас номын өдөрлөгөө цахимаар зохион байгууллаа. Энэ нь ч давуу тал боллоо. Хэрэв бид өдөрлөгөө төв талбайд зохион байгуулсан бол асарт сууж буй. Цахимаар зохион байгуулахаар айл бүр рүү нэвтэрч, хүн бүртэй харилцах боломж нь нээлттэй байв. Номын зохиогч, сэтгүүлчид шууд оролцоод халуун дотно ярилцлага өрнүүлсэн гоё контент боллоо. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд хотын дарга сэтгүүлчдийн номын өдөрлөгийг хамтран зохион байгуулах санаачилга гаргасан. Цахим өдөрлөгөөр 50 гаруй сэтгүүлч, зохиолч 100 гаруй ном бүтээлээ дэлгэлээ. Худалдаанд байхгүй ховор нандин номоо ч авчирсан. Уншигчдад өгөөжтэй, сэтгүүлч, зохиолчдод сонирхолтой өдөрлөг болсон. Манайхан их даруухан юм. Өдөрлөгт урихаар нэгэнт борлуулаад дуусчихсан, ном байхгүй гээд ихэнх нь оролцсонгүй. Мөн сайн бичдэг хэрнээ ном бүтээгээгүй сэтгүүлч ч олон юм. Б.Энхцэцэг, ажиглагч Д.Цэрэнжав ах, Н.Саранчимэг эгч, "Аз хур"-ын редактор Б.Бат-Амгалан гээд номоо гаргаагүй сэтгүүлч, редактор олон байна. Редакторласан номоороо оролцооч гэхээр зарим нь “Би хүний юм өөнтөглөхөөс бус өөрөө үлгэрлэж бичсэн зүйлгүй” гэх юм. Ном редакторлах нь сэтгүүлчдээс мэргэшил шаарддаг, онцгой чухал ажил. Бичлэгийн үг үсгийн алдааг засахаас гадна дурдсан баримт бүрийг нягталж шалгах ярвигтай зүйл. Манай сэтгүүлчид бичиж, орчуулж, редакторлаж байгаа ч олонх нь даруухан юм. Гайхамшигтай хөдөлмөрлөж байгааг нь харлаа, хэрэндээ сурталчиллаа.
-Сая Орон нутгийн сэтгүүлчдийн цахим форум хийлээ. МСНЭ тэднийг хөгжүүлэх, дэмжих ямар бодлого баримталж байна вэ. Форумаас ямар үр дүн гарав?
-Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уламжлал болсон ажил. МСНЭ 21 аймагт 24 салбартай. Орон нутагт сэтгүүлчдийн маш өргөн фронт ажилладаг. 1945 онд Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, эсэх бүх нийтийн санал асуулга явуулсан. Тэр үед зарим нь бичиг үсэг тайлагдаагүй, хурууны хээгээр саналаа өгсөн гэдэг. Үүнээс хойш аймгуудын сонин, хэвлэл, хэвлэх үйлдвэрүүд гээд том том газруудыг байгуулсан. Улс нийтээрээ бичиг үсэг тайлагдахад орон нутгийн хэвлэл, сэтгүүлчдийн үүрэг их байсныг ахмадууд маань хэлдэг. Орон нутгийн хэвлэлийн суурь бааз одоо ч байдаг. Орон нутгийн сэтгүүлчдийн энэ жилийн форумаар маркетинг, подкаст, сошиал контент хөгжүүлэх, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа зэрэг олон сургалтыг өдрийн турш зохион байгуулсан. ЮНЕСКО жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр тухайн үеийн үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч уриалга, тунхаг гаргадаг. Энэ жилийн уриалгад нэг чухал өнцөг байсан нь хүнд байдалд орсон орон нутгийн хэвлэлүүдээ дэмжих хэрэгтэйг сануулсан явдал. Тиймээс бид орон нутгийн сэтгүүлчдээ агуулгаар, сургалтаар дэмжихийг хичээсэн. Мөн тусламжаар ирж буй ам, хамрын хаалт, нийгмийн асуудлуудад анхаарч ажилласан. Аймгуудын удирдлагад орон нутгийн хэвлэлээ дэмжиж ажиллахыг уриалъя. Орон нутгийнханд тулгардаг том асуудал нь төвийн хэвлэлүүдтэй өрсөлдөх болдог. Яам, тамгын газрууд төвийн хэвлэлүүдтэй хөдөөгийн ажлыг мэдээлэх сурталчлах гэрээ байгуулж, орон нутгийн сэтгүүлчдээ орхидгийг форумд оролцогчид хэлсэн.
-Нийгэм уламжлалт сэтгүүл зүйг үгүйлээд байх шиг
-Сэтгүүлчдийн нийгэм, нийтэд танигдсан дүр гэсэн ойлголт бий. Нийгэм, нийтэд сэтгүүлч гэхээр ямар хүнийг, сэтгүүлчийн ажил гэхээр юуг төсөөлж байна вэ. Сүүлийн үед ажиглаж байгаагаар хэн нэгний аманд микрофон тулгаад гэнэдүүлж асуудаг ийм л дүрээр төсөөлж байна. Үнэндээ сэтгүүлч гэдэг маш том агуулгыг бүтээгч, мэдээллийн асар их дата цуглуулж, боловсруулагчид юм. Нэг талаар түүхийг бичиж үлдээдэг онцгой мэргэжил. Уламжлалаар сэтгүүлч гэхээр эрдэмтэн, судлаачид, зохиолч, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Тухайлбал, Л.Түдэв, Ц.Намсрай, сүүлийн үеийнхээс Х.Цэвлээ, Т.Баасансүрэн, багш нараас М.Зулкафиль, Ж.Батбаатар нар байна. Энэ уламжлалыг хүмүүс их үгүйлдэг юм байна. Би ч гэсэн уламжлалыг хадгалах сан, үргэлжлүүлэх сэн гэж боддог сэтгүүлчийн нэг.
-Олон нийт иргэний сэтгүүл зүйг мэргэжлийнхтэй хольж хутгаад хэвлэл, мэдээллийн байгууллагыг буруутгах, сэтгүүлчдэд үл итгэх хандлага гаргадаг. Сэтгүүлчид ёс зүйгүй гэдэг нь бодитой тулгарсан асуудал уу. Хэрэв тийм бол МСНЭ энэ өдөр редакц, сэтгүүлчдэд ёс зүйг нь сануулах үүргээ биелүүлэх үү?
-Улс орнуудын хэвлэл, мэдээллийнхэн өнөөдөр төр засагтаа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүргийг нь сануулдаг. Мөн сэтгүүлчдэд ёс зүйгээ эргэцүүлэн бодох утга учиртай өдөр тохиож байна. Дэлхий дахинд цахимжилт, технологио дагаад сошиал ертөнцөд ихэнх мэдээллээ оруулах болсон. Бүх редакц, сэтгүүлчид уншигч, хэрэглэгч хаана байна, тэрийгээ дагаад сошиалд шилжсэн нь үнэн. Хажуугаар нь мэргэжлийн редакц, сэтгүүл зүйд хамаарахгүй мэдээлэлд сошиалд их байдаг. Технологийн эринд хэн ч мэдээ, мэдээлэл бүтээгч, хуваалцагч болж болдог. Үүнийг дагаад хуурамч мэдээний асуудал хурдтай орж ирсэн. Яагаад хуурамч мэдээ өндрөө авсныг олон орны мэргэжлийн байгууллага, сэтгүүлч дор бүрнээ, тал талаас нь судалсан. Уламжлалт сэтгүүл зүй, ер нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсанд сошиал дахь хуурамч мэдээлэл нөлөөлсөн гэх судалгааны дүн манайд ч давхацдаг. Тиймээс уламжлалт хэвлэл мэдээлэл, нийтийн сайн сайхны төлөө байдаг сэтгүүл зүйг дэмжих, хамгаалах шаардлагатайг ЮНЕСКО энэ жил онцолж, олон нийтэд уриалсан.
Уламжлалт сэтгүүл зүйд итгэх итгэл буурсан шалтгааныг судлаад үзэхээр мэргэжлийн редакцаас хуурамч мэдээлэл ерөөсөө гардаггүй. Гоё ганган худал мэдээлэл амттай хоол шиг хүний сонирхлыг илүү ихээр татдаг. Мэргэжлийн редакцын сэтгүүлч бэлтгэдэг баримттай, тайлбартай мэдээлэл эгэл даруухан учраас хүмүүс хуурамч мэдээлэл рүү шуурдаг. Улмаар иргэд мэргэжлийн бус, эх сурвалжгүй мэдээллийг хөөж уншчихаад сэтгүүлч л мэдээлэл бэлтгэдэг гэх уламжлалт ойлголтоороо “Сэтгүүлч болохгүй байна, худалдагдсан” гэж ярьдаг.
-Худал мэдээлэл тараахтай холбоотой хуулийн заалт бий биз дээ
-Хуульд худал мэдээлэл тараахтай холбоотой заалт байдаг. Хуулийн уг заалтаар сэтгүүлч шийтгэл хүлээсэн тохиолдол байхгүй. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хуулиар цар тахал, ковидтой үед хуурамч мэдээллээс сэргийлэх, тараавал хариуцлага тооцох заалт бий. Уг хуулийн хэрэгжилтэд ЦЕГ, Харилцаа, холбооны зохицуулах холбоо хяналт тавина. Тухайн байгууллагуудаас өгсөн 339 кэйс, гомдлыг судлахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн пэйж, сэтгүүлч холбогдсон тохиолдол огт алга. Тиймээс мэргэжлийн сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж чадахгүй, үнэхээр худал хуурмаг мэдээлэлд уриалсан, үлгэр дуурайлгүй болсон гэдэгтэй ерөөсөө санал нийлэхгүй. Үнэндээ зарим уншигч, сонсогч, үзэгчийн мэдээллийн боловсролын асуудал хурцаар яригдаж буй. Мэдээллийг яаж хүлээж авах юм, хэрхэн боловсруулах нь бодох л асуудал. Ер нь Монгол хараат бус, чөлөөт хэвлэлтэй улс орон. Хараат бус сэтгүүл зүйг улстөрчид хүмүүжүүлэхийг үргэлж хүсдэг. Чөлөөт хэвлэлийн үүрэг нь улстөрчдийг, эрх мэдлийг хянах юм. Тиймээс улстөрчид хэвлэлийнхнийг хэзээд дайсан гэж хардаг.
-Хэвлэлийн эрх чөлөө дутагдсанаар хэвлэлүүд ёс зүйгүй болдог гэдэг. Санал нийлэх үү. Ёс зүйгүй үйлдэл гэж яг юуг хэлэх юм бэ?
-Сэтгүүлч гараад явахад бэлэн баримт хогийн саванд хэвтэж байдаггүй. Бид хэцүүхэн зам туулж баримт олж авдаг. Үндсэн хуульд зааснаар иргэдийн мэдэх эрхийг хангах гэж тэр мэдээллийн араас гүйдэг юм. Сэтгүүлч төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайж, эрж, олж авах эрхтэй. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэх үүрэг нь төрд бий. Гэтэл төр, төрийн байгууллага үүнийг хэрэгжүүлдэггүй. Нууцад оруулах баахан журам гаргаад мэдээллийг аль болох нууж, хаах зохицуулалт хийдэг. Ийм нөхцөлд сэтгүүлчид май гээд таваглаад өгөх баримт байхгүй тул манайхан мэргэжлийн эр зориг гаргадаг. Асуулт тулгана, хариулт өгөхгүй бол дахин довтолно. Үүнийг зарим нь ёс зүйгүй үйлдэл гэж хардаг. Хэвлэлийн зөвлөлийнхний мөрдүүлдэг, хэрэгжилтийг нь хянадаг, сэтгүүлчийн ёс зүйн кодекс бий.
Тодруулбал, онцгой нөхцөл, уй гашуу, хүчирхийлэл сурвалжлахад хэрэглэх хэллэг, сонгох үг ямар байх вэ гэсэн ёс зүйн кодекс. Үүнийг нь зөрчиж байвал ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж үзэх ёстой. Цаасан дээр буулгасан баримттай ярина. Түүнээс биш хүмүүсийн харилцааны асуудал болгоныг сэтгүүлчийн ёс зүйтэй холбох хэцүү. Сэтгүүлчийн ёс зүйн кодыг цаасан дээр хараар буулгаад яг үүнийг мөрдөнө шүү хэмээн үйлдэл болгонтой тулгаж үзвэл өөр төрх харагдана. Нийтийн сайхны төлөө байдаг сэтгүүл зүйг улам бэхжүүлэх хамгаалах шаардлага байна. Мэргэжлийн сэтгүүл зүйг иргэнийхээс ялгаж, салгадаг, мэргэжлийнхийг илүү дэмждэг хамгаалдаг тогтолцоо хэрэгтэй хэмээн ЮНЕСКО дүгнэснийг дахин сануулъя.
-Чөлөөт хэвлэл хөгжих үндэс суурь бүрэн тавигдаагүй бололтой. Хамгийн ойрын жишээ нь хатуу хөл хорионы үед төр засаг хэвлэлийнхэнд хязгаартай зорчихыг тулгасан. Энэ нь нэг талаас Үндсэн хууль зөрчсөн. Нөгөө талаас Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102-р чуулганаар баталсан тайлбарын 45-д дахь заалтыг зөрчих шиг болсон. Тавдугаар сарын 3 буюу энэ өдөр төр засагт мэдээж шаардлага хүргүүлэх болов уу.
-Гамшиг, дайн байлдаан болсон үед л хүний эрхийг хязгаарладаг хуультай. Байгалийн гамшиг, дайн байлдаан болоогүй байхад төр Үндсэн хууль зөрчиж хүний эрхийг хязгаарлаж байна. Ялангуяа үүн дотроо хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, мэдээлэл хайж, эрж, олох эрхэд халдлаа. Тиймээс хуульчидтай хамтарч, цар тахалтай тэмцэх хуулиар хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан нь "эцэг" хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д гомдол гаргасан ч хүлээж авахаас татгалзсан. Дөрөвдүгээр сарын 16-нд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд сэтгүүлчдийг оруулаагүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4.1, 4.2-т ҮХЦ-ээс яриа сурвалжилга авах эрхтэй, баримтат киноны дуу дүрс авч болно гэж заасан. Гэтэл цар тахлаар далимдуулаад үндэслэлгүйгээр, хууль бусаар иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэлийн эрх чөлөөнд халдаад байна. Мөн УИХ-ын НББХ цар тахлын хуулийн хэрэгжилтээр мэдээлэл сонсохоор болсон. Бид мэдээллээ нэгбүрчлэн бичээд бэлтгээд өгсөн. Гэвч хуваарьт оруулахгүй, хойшлуулсаар байна. Ямартай ч хэвлэлийн эрх чөлөөнд халдсан асуудлаар ҮХЦ-д хандсан, УИХ-д мэдээлсэн. Тиймээс өнөөдрийн форумаар энэ бүхний талаар хэлэлцэнэ.
-Цар тахлын үед хэвлэлийнхэнд тулгамдсан хамгийн гол асуудал юу вэ?
-Цар тахлын үед сэтгүүлч нарт эх сурвалж хомстсон, ингэхээр мэдээллийн эх сурвалжууд ижил төстэй зүйл ярьж, бичиж эхэлсэн. Сонины нүүр талбайд албаны мэдээлэл их зай эзэлж, бидний явах, суух нь хумигдсан. Өөр, өөрийн онцлогтой, сурвалжилга, контент багасаад ирсэн. Хараат бус хэвлэлийн олон ургалч үзэл, чөлөөт хэвлэлийн үндсэн ойлголтуудыг бүдгэрүүлж буй. Дээрээс нь Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны түр хороог байгуулж, түр хорооноос өгсөн мэдээллийг гаргана. Бусад эх сурвалжаас мэдээлэл гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ хэмээн төрийн алба хаагчид хамаатуулсан тогтоол гаргасан. Тиймээс төрийн албан хаагчид мэдээлэл өгөхөөс айж “Болохгүй гэсэн” гэдгээс өөр зүйл хэлэхээ больсон. Баттай эх сурвалжтай холбоо тогтооход хэцүү болж эхэлсэн. Уг нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хуулиар бид баттай эх сурвалжаас мэдээлэл авах үүрэг хүлээсэн. Баттай эх сурвалж хумигдаад эхлэхээр хүмүүсийн таамаг, хардлага ихсэж, элдэв мэдээлэл эрж хайж эхэлдэг. Мөн хоёрдугаар сард Засгийн газар 43 дугаар тогтоол баталж, төсөвт төрийн байгууллагууд төсвөө хэмнэ гэсэн. Тэр тогтоолдоо хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамаатуулж оруулсан байсан. Үйл ажиллагаагаа сурталчлах, баримтат кино хийх, ойн ном, контент хийхийг хориглосон. Ерөнхийдөө төсөвт байгууллагууд хэвлэл мэдээлэлтэй холбоотой төсвөө танаад эхэллээ. За яах вэ, угаас их биш, багахан төсөв л хэвлэлд ногддог. Хамгийн гол нь төрийн албан хаагч хэвлэлд мэдээлэл өгч болохгүй болсон. Ингэхээр эх сурвалжийн, санхүүжилтийн хомсдолд орж байна. Үүн дээр нь дөрөөлөөд гаднаас менежмент хийж, долоон телевизийг ижилхэн контенттэй болголоо. Энэ бол хараат бус хэвлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэрэг. Цар тахал намжиж, энэ хуулиудыг цуцаллаа ч ийм жишиг тогтчихдог.
-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсаны “Улс төр, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг оронд орох ёсгүй” хэмээн хэлж үлдээсэн. Сүүлийн хэдэн өдөр дээрх үгийг эш татаж “Мэдээллийн урсгал”-ын талаар нэлээд шуугилаа. Та бүхэн ч эсэргүүцлээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Үнэхээр улс төр, сэтгүүлч хоёр нэг хөнжилд орчихсон гэж үү?
-Сүнсээ худалдана гэдэг шиг сэтгүүлч мөнгөнд татагдах нь эмзэг асуудал. “Мэдээллийн урсгал”-ыг хөтөлж буй дөрвөн сэтгүүлчийг үүнд хамаатуулаад манайхан буруутгалаа. Үнэндээ манайхан тэр дөрөвт хавчлага шахалт үзүүлсэн юм биш. Нөгөө талдаа улстөрчдөөс хамгаалж хайрлаж, харамласан хэрэг. МСНЭ-ээс гаднаас менежмент хийж, редакц, сэтгүүлчийн хараат бус байдалд халдаж, ижил төстэй болгосон төр засгийн эл үйлдлийг эсэргүүцсэн. Ингэхдээ дөрвөн сэтгүүлчийг буруутгаад хавчаад байх бодол байхгүй. Өрнөж буй том үзэгдлээр нь бид буруутгаж буй. Тэгсэн, тэгээгүй уншигчид зах зээл нь өөрсдөө эдгээр сэтгүүлчдийг шүүж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, сэтгүүлч онцгой мэргэжил. Сэтгүүлчийн өмнө хэний ч үүд хаалга нээгдэнэ. Гэтэл үүнийг хувийн журмаар ашиглаж болохгүй. Миний өмнө нээгдсэн үүд хаалга, албаны харилцааг З.Боргилмаа хувь хүний хандлагаар цааш үргэлжлүүлж болохгүй.
Олон жил ажилласан зарим сэтгүүлчийг ажиглаад байхад том том улстөрчийг тэр найз, энэ анд, тэр ах, энэ дүү гэж нэрийг нь дурдаж, сошиалд түгээдэг. Нэг л их хувийн харилцаатай аятай аягладаг. Үүнийг хувьдаа зөвшөөрөмгүй санагддаг. Сэтгүүлч биеэ хэрхэн авч явааг л харуулж буй хэрэг. Дүү нар дуурайна шүү дээ. Сэтгүүлч нар улстөрчтэй ах, эгч, найз болдог л гэж бодно шүү дээ. Мэдээж хүн л юм хойно тийм харилцаа байж болно. Үүнийгээ нийгэмд зарлаж, тэр дундаа залуу сэтгүүлч нарт тэгж үлгэрлэх нь дэмий.
-Миний бодлоор бид маш сайн, ёс зүйтэй сэтгүүл зүйг өвлөж авсан. Харин хойч үедээ ямар сэтгүүл зүйг өвлүүлэх гээд байна вэ?
-Бид жаахан чадваржих хэрэгтэй юм. Ямар ч асуудлын цаана хүн яригддаг. Улс орны хөгжил хүнээс шалтгаална гэж ярьдаг нь үнэн. Хуучин цагт салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор сургадаг байсан. Тэр ч бүү хэл, дахиад лидерүүдийг ч бодлогоор сургадаг. Яагаад Ц.Балдорж эрхлэгчийг сургасан бэ, лидер төрүүлэх л гэж. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт тийм бодлого алга. Сэтгүүлчдийг давтан сургах, хөрөнгө зарцуулдаг редакцууд ховор. МСНЭ-д ч тийм бололцоо байхгүй. Хараат бус сэтгүүл зүй төсвөөс шууд санхүүжиж болохгүй зарчим дээр тогтдог. Манай салбарт хөрөнгө оруулалт хэрэг болно. Гэтэл сэтгүүл зүйд хөрөнгө оруулдаг бизнесмэн бараг алга. Өөрсдөө хөрөнгө оруулагч болоод л хэвлэл мэдээллийн хэрэгслээ байгуулдаг болсон. Ер нь улс орны хэмжээнд бүхий л салбарын мэргэжилтний чадвар, чансаа муудаж байгаатай ч холбоотой. Нөгөө талаар редакцууд хурд, хандалт, шуурхай байдалд дөрөөлөөд зарим үед чанарыг орхигдуулдаг талтай. Гэхдээ ерөнхийдөө сэтгүүлч нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, мэргэжлийн хувьд өсөж, дэвжиж буй. Жил бүр Ган үзэгт ирсэн материалыг уншиж, шилдгээ шалгаруулах үед сэтгүүлчид маань ямар их хөдөлмөрлөсөн нь харагддаг. Гэхдээ юм хөгжиж байхдаа үргэлж сайн тийшээ явдаг шиг бидний дунд эвгүй үзэгдэл гардаг ч энэ нь чөлөөт хэвлэлд байх ёстой зүйл. Сайн контент хийж буй редакц олон. Хамгийн гол нь тэд хурдтай хөгжиж байна. Бид аймшигтай муухай сэтгүүлзүйг үлдээхгүй. Үүнд санаа зовох хэрэггүй болов уу.
-Сэтгүүлчдийн ордон барих асуудал ямар шатандаа яваа вэ?
-Сэтгүүлчдийн ордон барихаар төлөвлөсөн. Газрын зөвшөөрлөө авсан. Тийшээ дэд бүтэц татах хэрэгцээ бий. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагын олонх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сэтгүүлчдийн ордноо сүндэрлүүлбэл хамтын оффистой болох боломж бүрдэнэ. Сэтгүүлчдийн номын сан, музей, техникийн шаардлага хангасан олон улсын мэдээллийн төв байгуулахаар төлөвлөсөн зураг төсөл бий. Байшин барих нь дараагийн асуудал. Түүний өмнө дэд бүтэц татахад 400 сая төгрөг шаардлагатай. Энэ нь хэдэн жилийн өмнөх тооцоо. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар дэд бүтцийг улсаас татаж өгдөг. Хуульд заасны дагуу дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар оруулалтаар шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд хөөцөлдсөөр л байна.