Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд уг өдрийг тэмдэглэхээр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд шийдвэрлэсэн. Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг төр, засагт сануулах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дурсахад уг өдрийн агуулга, ач холбогдол оршдог. Өнгөрсөн жилийн эл өдөр ЮНЕСКО-гоос “Айдасгүй, зусаргүй сэтгүүл зүй” уриалга дэвшүүлсэн. Тэгвэл энэ жилийн уриа нь “Бүх нийтийн сайн сайхны төлөөх мэдээлэл” аж. Үүний хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллагатай хамтран өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний талаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Манай улс энэ онд таван байр урагшилж, 68-д бичигдсэнийг бид өнгөрсөн сарын 21-ний дугаартаа мэдээлсэн. Хэдийгээр байр урагшилсан ч Монгол Улс мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтаж, газрын зурагт улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн хэвээр байна. Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт нөхцөл байдал маш муу орныг хар, мууг улаан, мэдэгдэхүйц асуудалтайг нь улбар шар өнгөөр тэмдэглэжээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид”-аас онцолсноор, улс орнууд “Ковид-19” цар тахлаар шалтаглан, хууль, тогтоомжоо чангатгаж, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах тохиолдол цөөнгүй гарчээ.
Бэлтгэсэн: Ч.Зул