Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ хийсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган хүн тунг өчигдөр хүлээн авлаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна. ОХУ-ын Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тунг бид хүлээн авлаа. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байна" гэлээ. Мөн Вероселл вакцины ээлжит 334,400 тунг нэмж авчээ.