“Save Ralph” гэх богино хэмжээний кино энэ сарын 6-нд нээлтээ хийж, үзэгчдийн сонирхлыг маш ихээр татаж, зарим нь нулимсаа барьж дийлэхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ральфыг аварцгаая хөдөлгөөнд зориулан бүтээсэн эл киноноос үүдэн дэлхий даяар хэдэн зуун хүн амьтад дээр туршилт хийхийг эсэргүүцэн, нэгдээд буй. Энэхүү хөдөлгөөнийг "Олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэг" (Humane Society International's)- ээс санаачлан өрнүүлсэн бөгөөд дээрх богино хэмжээний кинонд найруулагч Тиака Вайтити, жүжигчин Зак Эпрон, Оливиа Мунн зэрэг алдартнууд дуу оруулсан нь олонд хүрэхэд нь ихээхэн нөлөөлсөн юм. Үүнээс үүдэн амьтад дээр туршилт хийдэг брэндүүдээс татгалзах иргэн ч цөөнгүй болсон. Тэгвэл бодит амьдрал дээрх Ральф буюу туршилтын амьтад өдгөө хэрхэн хохирч буй талаар зарим баримтыг өгүүлье.
- Аливаа туршилт, нээлтийн хамгийн эхний хохирогч нь амьтан, тэр дундаа харх, туулай, сармагчин байдаг гэнэ. Дэлхий дээр жил бүр 2.8 сая амьтан дээр туршилт хийдэг бөгөөд 1.2 сая нь золиос болон хорвоог орхидог гэх баримтыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2010 онд мэдээлж байжээ. Эл баримтыг нийтэд дэлгэсний дараа дэлхийд алдартай “Procter & Gamble”, “Unilever”, “L’Oreal” зэрэг компани амьтны эрхийг хамгаалах үүднээс тэдэн дээр туршилт явуулахаа больсноо албан ёсоор мэдээлж байсан гэнэ. Гэвч эл явдлаас хойш 10 гаруй жил өнгөрсөн ч амьтад дээр туршилт хийдэг компаниуд одоо ч байдаг нь харамсалтай.
- Тэгвэл 2019 онд жил бүр дэлхий даяар ойролцоогоор 115 сая амьтныг туршилтад ашигладаг гэх судалгааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч, малын их эмч доктор Г.Батцэцэг нэгэн лекцдээ онцолжээ. Тэрбээр, өдөр 274 мянга, секундэд гурван амьтан туршилтын золиос болдог хэмээжээ. Мөн нэг өдөрт 7342 цагаан хулгана, 744 оготно, 43 туулай, 1545 загас, 466 шувуу, 44 мэлхий, 32 усан гахай, 12 нохой, 14 үхэр, 12 гахай, тус бүр долоон сармагчин, муурыг туршилтад оруулдаг гэх судалгаа байдгийг ч дурдсан байна.
Манай улсад ийм төрлийн туршилт, судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний эсрэг эм, тариа, вакцин гарган авахдаа хийдэг аж. Тухайлбал, 2016 онд тус хүрээлэнд туршилт, судалгаанд ашигладаг 56 туулай, 19 усан гахай, 175 цагаан хулгана бий гэх баримт байна.
- Турших эм, бэлдмэлээс хамааран амьтныг сонгодог бөгөөд ихэвчлэн сүүн тэжээлтнийг “онилдог” гэнэ. Учир нь тэдний бодисын солилцоо хүнийхтэй төстэй учир аливаа эм, бэлдмэлийн хариу урвал нь хамгийн ойр илэрдэг аж. Тухайлбал, хүнд судсаар тарих бэлдмэлийг туршихдаа халуурах чанарыг нь үндэслэн том биетэй амьтан сонгодог гэнэ. Энэ нь ихэвчлэн туулай байх нь элбэг аж.
- Халдварт өвчний эсрэг эм, тариа бэлтгэх судалгаанд амьтан ашигласан бол шууд устгадаг. Амьтны сэг, зэмийг үүсгэгчтэй нь хамт аюулгүй болгож байж өвчин тараах эрсдэлийг бууруулдаг. Манай улс ийм төрлийн туршилтад ашигласан амьтдын сэг, зэмийг Биокомбинат устгалд оруулдаг.
Уг нь Англи улсын “Амьд амьтад дээр туршилт явуулахын эсрэг холбоо”-ны санаачилгаар 1979 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-нд “Лабораторийн амьтдын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон байна. Анх тэмдэглэсэн “Дэлхийн лабораторийн амьтдын өдөр” нь туршилтаар амьтдыг зовоон тарчлаахыг төгсгөл болгох, аливаа туршилтад амьтад хэрэглэхгүй, эрдэм шинжилгээний шилдэг аргуудаар солих үндсийг бий болгоход чиглэж байжээ. Харамсалтай нь, эл зорилт нь өдгөө ч биеллээ олоогүй юм.
- Одоогоор амьтны эрхийг хамгаалах зарим байгууллага туршилтад хэрэглэдэг амьтдын тоог бууруулах арга замыг хайж буй ч бодитой үр дүнд хүрээгүй байна.