Монголын бизнесменүүдийн итгэл буурав. МҮХАҮТ-аас энэ долоо хоногт танилцуулсан “Бизнесийн орчны итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнгээр бизнесийн индекс -0.28 гэсэн үнэлгээ авлаа. Энэ бол дунджаас доогуур байгааг илтгэсэн үзүүлэлт. Уг индексийг тооцохдоо +1 болон -1 гэсэн интервалын хооронд үнэлгээ өгдөг юм. Тэгэхээр тэгтэй ойролцоо үнэлгээ авбал бизнесийн орчны итгэл дундаж байна гэсэн үг.
Монголын бизнесийн орчны итгэлийн үнэлгээ сүүлийн есөн жилийн гуравт нь дунджаас дээгүүр байжээ. Тодруулбал, 2012, 2018, 2019 онд дунджаас дээгүүр үнэлгээтэй байсан аж. Хамгийн дээд тал +0.15 гэсэн үнэлгээ авсан байдаг. Эндээс хоёр зүйл харагдана. Нэгдүгээрт, Монгол Улсын бизнесийн итгэлийн үзүүлэлт ерөнхийдөө дундаж байдаг гэсэн ойлголт авч болно. Сүүлийн есөн жилийн хугацаанд бизнесийн итгэлийн индекс -0.37-гоос +0.15 гэсэн үнэлгээний хооронд хэлбэлзжээ. Индексийн үнэлгээ 200 нэгжээр нарийвчилсан үнэлгээтэй. Тэгвэл манай улсын итгэлийн индекс дундажтай ойролцоо 52 нэгжээр дээшилж, доошилдог аж. Хоёрдугаарт, эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд бизнесийн итгэл сайн байдгийг харуулж байна. Монгол Улсын эдийн засаг 2012 онд 12.5 хувиар өссөн. Түүнээс хойш экспортын эрдэс түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унаж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Эдийн засгийн энэхүү хүндрэл 2016 онд хүртэл үргэлжлээд буцаж сэргэсэн билээ.
Өмнөх мэдээллээс харахад бизнесийн итгэлийн индекс хамгийн доод буюу 0.37 гэсэн үнэлгээ авч байжээ. Тухайн жил бол эдийн засгийн өсөлт “царцсан”, зарим улиралд хумигдсан он байв. Тиймээс бизнесийн идэвх ихээхэн сулраад байсан үе юм. Эдийн засгийн хямрал тохиолдож, бизнесийн идэвх сулрах нь итгэлийг ийнхүү унагадаг. Мэдээжийн хэрэг ингэхээс өөр аргагүй. Бизнесийн идэвх суларч, харилцагч, хэрэглэгч, худалдан авагчийн тоо буурахаар хэнд ч итгэл төрөхгүй нь дамжиггүй. Харин эдийн засаг өсөж, ашиг, орлого нэмэгдэхээр хэнд ч итгэл төрж таарна. Монголын бизнесийн итгэлийн индеск 2019 онд 0.06 гэсэн үнэлгээтэй байжээ. Тэгвэл дээр дурдсанчлан 0.28 гэсэн үнэлгээтэй болж, үзүүлэлт нь 34 нэгжээр буурлаа. Үүний шалтгаан нь маш тодорхой.
Дэлхий дахинд өнгөрсөн жил коронавирусийн халдвар тархсан. Үүнээс үүдэж манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. “Ковид-19” өвчин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод дэлгэрснээс хойш хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Үүнээс гадна хилээ хааж, хөл хорио тогтоосноор эдийн засгийн идэвжил үлэмж хэмжээгээр суларч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрэгжүүлсэн бодлогууд эдийн засгаа хямраасан. Тиймээс ч өдгөө тохиолдоод буй хямралыг “Эрүүл мэндийн хямрал” гэж нэрлэж байна. Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 5.3 хувиар агшсан. Үүнээс үүдэж бизнесийн итгэл суларсан нь дамжиггүй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн салбаруудаас мэдээллийн технологийн салбар л өсөлттэй ажилласан. Бусдынх нь үйл ажиллагаа саатаж, ашиг орлого их хэмжээгээр буурсан” гэж тодотгон хэлэв.
Судалгаа хийхэд бизнесийн орчны өөрчлөлтийн үнэлгээ -0.43, бизнесийн үйл ажиллагааны үнэлгээ -0.42 гэсэн “дүн” авчээ. Мэдээжийн хэрэг коронавирусийн халдвараас сэргийлэх хөл хорио бизнесийн орчныг илтэд өөрчлөх ойлгомжтой. Хорьж цагдан, үйл ажиллагааг нь таслан зогсоож байгаа учраас ийм бага үнэлгээ өгч таарна. Үйл ажиллагааг нь таслан зогсоосон аж ахуйн нэгж, албан байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн орлого буурах нь тодорхой. Орлого өсөхгүй бол ашиггүй ажиллаж таарна. Тэгэхээр бизнесийнхээ үйл ажиллагааг муу гэж дүгнэх нь дамжиггүй. Эдийн засгийн голлох салбаруудаас барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнесменүүдийн итгэл -0.28 буюу улсын дунджаас бага байгаа аж.
Бизнесийн орчны өөрчлөлтийн талаар барилга, үйлчилгээний салбарынхан хамгийн бага оноо өгчээ. Барилгын салбарынхан борлуулалтын орлого буурч, материалын үнэ өссөн учраас бага оноо өгсөн гэж тайлбарласан байна. Тэгвэл үйлчилгээ эрхлэгчид эрэлт буурсан нь бага оноо өгөх шалтгаан болсон гэж учирлажээ. Хөл хорио тогтоосноор иргэдийн орлого их хэмжээгээр буурсан. Орлого нь багассан иргэд хэрэглээгээ танаж таарна. Энэ нь эрэлт буурах үндсэн шалтгаан болж буй. Өөр нэг шалтгаан нь иргэд коронавирусийн халдвар авахаас сэргийлэн олон нийт болон үйлчилгээний газруудаар явахаас зайлсхийж буй явдал юм.
Бизнесийн үйл ажиллагааны үнэлгээг гаргахад барилга, үйлдвэрлэлийн салбарынхан хамгийн бага оноо өгчээ. Тэд үйл ажиллагааны санхүүжилт олдохгүй байсан. Мөн эрэлт буурсан нь ийм бага санал өгөхөд хүргэсэн гэж хариулжээ. Мөн судалгааг гаргахын тулд хөрөнгө оруулалтын орчинд үнэлгээ хийдэг. Эдийн засгийн голлох салбаруудын хөрөнгө оруулалтын орчин тэгтэй ойролцоо буюу дундаж оноо өгсөн байв. Харин хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын орчинд -0.14 гэсэн үнэлгээ өгсөн нь хамгийн бага байв. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин, инфляц, ядуурал гэсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалздаг юм. Инфляц, ажилгүйдлийн түвшин хэвийн байсан гэж бизнесменүүд дүгнэжээ.
Харин тэд ядуурлийн түвшин нэмэгдсэн, цаашид ч өснө гэж төсөөлж байна гэж хариулсан байна. “Ковид-19” өвчин дэлгэрснээр бизнесменүүдийн итгэл ийнхүү алдарчээ.