Хүний хөгжлийн үндэс, насан туршийн боловсролын суурь хэзээ бий болдог вэ. Хүүхэд байхад нь юм билээ. Хайрлаж өсгөвөл хайр түгээдэг хүн болно. Харин хайрыг дутаавал хүүхдийг тань хэцүүхэн ирээдүй угтаж хүлээж буйг санаарай. Дэлхий дээр жил бүр 133-275 сая хүүхэд эцэг. эхийнхээ харгис, хатуу зан авирын хохирогч болдог гэх судалгааг НҮБ-аас гаргажээ. Тэдний дунд боржигон овогтнууд бас бий. Сүүлийн жилүүдэд Монголд гэр бүлийн хүчирхийлэл гаарч, гол хохирогч нь хүүхдүүд болж байгааг хаа хаанаа мэдэх болсон. Төр, засгаас хариу арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Тиймээс ээж, аавууд танаас хамааралтай, таны үргэлжлэл болсон тэр хүнийг хамгаалах, хайрлах, хүмүүжүүлэхэд тэднийг ойлгож, сонсож хүлээцтэй хандах хэрэгтэй. Угаас нь томчуудын үүрэг багачуудаа хамгаалж, ирээдүйг нь гэрэлтүүлэх билээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 бол Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулдаг уламжлал тогтсон. 2021 онд хатуу хөл хорионы үе таарсан ч Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим орчинд тэмдэглэж буй. Цахим аяны хүрээнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг заан сурталчилсан постер, мэдээ мэдээлэл боловсруулан хүргэсэн гэнэ. Мөн эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх теле зөвлөгөө хүргэж эхэлжээ. Өнөөдөр зохион байгуулагч байгууллагуудын нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан үлгэр жишээ гэр бүлүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга туршлагаас иргэдтэй хуваалцах аж. Ер нь 4, 5 дугаар сард аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад хүмүүжлийн эерэг аргын мэдээ, мэдээллийг хүргэх зорилт тавьжээ.
Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргаснаараа нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” хэмээн заасныг сануулан, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна.