Энэ сарын 23 буюу өнгөрсөн баасан гаргаас эхлэн БНСУ-н хэвлэлүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотой мэдээлэл гарсан нь олны анхаарлыг татлаа. Тодруулбал, Сү.Батболдын авлига, хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон БНСУ-ын нэр бүхий дөрвөн иргэн, тэр дундаа Жон овогт эхнэр, нөхрийн хөрөнгийг олонд ил болголоо. БНСУ-ын хэвлэлүүдэд Монголын улстөрчийн талаар хэрхэн бичсэнийг хүргэе.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Английн шүүхээс Сү.Батболд нарт холбогдох “Апартмент 716” дугаар байрыг битүүмжилж буйгаа мэдээлсэн. Мөн тухайн сарын 23-нд Нью-Йорк хотын шүүхэд хавтаст хэрэг нээсэн тухай “Global Anti Corruption” сайтад нийтэлсэн байсан юм. Тэгвэл арваннэгдүгээр сарын 19-нд гаргасан шийдвэрт хариуцагч Сү.Батболд нарын Англи, Уэльсийн нутаг дэвсгэр дэх 15.235.500 паундаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх талаар дурдсан байна. Английн Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг дээрх асуудлыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэн, хариуцагч Сү.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”, “Оюу толгой”-н алт, зэсийн ордыг ашиглан хувийн орлогоо нэмэгдүүлэхээр шударга бус нөлөөлөл үзүүлсэн гэж буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон орлогоороо Лондон хотын төв хэсэгт байршилтай “Апартмент 716” хэмээх тансаг зэрэглэлийн, асар үнэтэй орон сууцыг оффшор компаниар дамжуулан нууцаар эзэмшиж, ашигласан нь ил болсон гэсэн үг.
Тэгвэл Английн Уэльсийн шүүхээс тус хэрэгт Сү.Батболдоос гадна БНСУ-ын иргэн Жон, Ким, Хан, Кан нар болон нэр нь үл мэдэгдэх нэг, нийт зургаан хүн оролцсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын хэвлэлүүдээр тус иргэдийн нэрсийг зарлаж, өмч хөрөнгийг нь олонд дэлгэлээ.
Тэд “Дээрх дөрвөн иргэн нь Сү.Батболдтой нийлэн Хятад, Швейцарь, Англи зэрэг улсад дөрвөн компани байгуулан, “Эрдэнэт”, “Оюу толгой”-н ордоос их хэмжээний мөнгө завшиж, түүнийгээ өөр компанийн нэрээр гадаад руу шууд шилжүүлж байсныг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй “Оюу толгой”-н 51 хувийг эзэмшдэг “Рио тинто” компаниас авилга авсан нь илэрчээ. Дээрх иргэдээс Сү.Батболдтой маш дотно, мөнгө угаахад нь хамгийн их оролцсон хэмээн Жон болон түүний эхнэр Ким нарыг нэрлээд байна. Жон нь найман улсын 80 гаруй компанийн захирал болон, хувьцаа эзэмшигчээр ажилладаг байсан бөгөөд эдгээр компаниуд нь бүгд Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой байсан нь шалгалтаар илэрчээ. Одоогоор Хонконг, Нью-Йорк, Лондон зэрэг хотод түүний эзэмшдэг 31 мянган ам.доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө байгаа нь ил боллоо. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболдын компанийн эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгүүд нь Жон овогтны нэр дээр бүртгэгдсэн нь ч ил болсон юм. Тодруулбал, Лондон хотын төвд байрлах “Апартмент 716” байр нь Жон овогтны нэр дээр байдаг ч Сү.Батболдынх болох нь батлагдаад зогсохгүй хүү нь тэнд амьдарч байжээ.
Харин Жон овогтны эхнэр болох Ким нь гадаадын найман улсад 25 компанийн захирал болон хувьцаа эзэмшигчээр ажилладаг байсан. Эдгээр компаниуд нь мөн л Монгол Улстай холбоотой нь тогтоогджээ. Одоогоор Лондон, Бостон, Хонконгод түүний нэр дээр 14 сая ам.долларын хөрөнгө бүртгэлтэй байгаа нь шалгалтаар тогтоогдоод байна” хэмээн бичжээ.
Ямартай ч одоогоор нэр нь тодорхойгүй нэг хүн болон Хан, Кан нарын хууль бус хөрөнгийг нэгбүрчлэн олонд дэлгээгүй байна.
Үүнээс гадна БНСУ-ын хэвлэл мэдээллүүд манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан нь Сү.Батболдын хууль бус хөрөнгө угаасантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь хөрөнгө угаах хэрэгт холбогдоод буй Сү.Батболдын намыг тараахаар төлөвлөж буй бөгөөд цэргийн хүч ашиглаж болзошгүй байна. Магадгүй эрх барих намыг тараах болсон үндэслэлүүдийн нэг нь тус намын гишүүний хууль бус үйлдэлтэй холбоотой” хэмээн бичжээ.
Ташрамд дурдахад, Сү.Батболдын хэрэгт холбогдуулан Англи төдийгүй, Америк, Хонконг, Британийн Виржинийн Арал, Сингапур, Жерсий арал зэрэг газарт мөрдөн шалгах ажиллагаа хийж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар 70 орчим сая ам.долларын хөрөнгө битүүмжлээд буйг олон улсын нэр хүнд бүхий “Times” сайтад нийтэлсэн билээ.
Эх сурвалж: Weeklytoday.com