мRNA хэмээх үгийн товчлолыг та сүүлийн үед олонтоо харсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа “Пфайзер”, “Модерна” компанийн вакцинтай нэр хоршин үзэгдэх болсон энэхүү нэр томьёо нь messenger ribonucleic acid гэсэн үгийн товчлол бөгөөд гений ДНХ-ийн тодорхой хэсгийг нөхөж байдаг рибонуклейн хүчил (РНХ)-ийн нэг төрөл аж. Р.Бат-Оюуны “Биотехнологийн түүх ба хөгжил” номд “ДНХ нь уургийн молекулын аминхүчлийн дараалал бүхий мэдээллэн кодыг агуулдаг боловч рибосомд уураг нийлэгжих үйл явцад шууд оролцдоггүй. Тэгэхээр бөөмд буй ДНХ-ийн генетикийн мэдээллийг сийвэнд зөөвөрлөх ямар нэгэн систем хэрэгтэй. Энэ системийн буюу генетикийн зааврыг агуулсан нуклейн хүчил болон уургийн нийлэгжлийг хооронд нь “дотносуулах” завсрын холбоочны үүргийг зарим өвөрмөц РНХ гүйцэтгэдэг гэсэн нээлтийг Францын биохимич Ф.Жакоб, Ж.Моно нар анх 1961 онд хийж, С.Бреннер, М.Месолсон Калифорнийн технологийн дээд сургуульд хөгжүүлснээр мРНХ буюу мэдээллийн РНХ гэдэг ойлголт үүссэн. Энэ нь нийт рибонуклейн хүчлийн 3-5 хувийг эзэлдэг бөгөөд ДНХ дэх геенетикийн мэдээллийг өөртөө буулган авч, нийлэгжүүлдгээрээ онцлог” гэж тайлбарлажээ. Товчхондоо бол мРНХ-ийг гений мэдээллийг зөөвөрлөдөг дамжуулагч гэж ойлгож болох нь.
Харин одоо цагт энэхүү нэршил элбэг үзэгдэх болсон нь АНУ-ын эм үйлдвэрлэгч “Пфайзер”, “Модерна” компани коронавирусийн эсрэг вакциныг мРНХ-гийн давуу талд тулгуурлан биотехнологийн аргаар хийсэнтэй холбоотой. Өнөөдрийг хүртэл хэрэглэж буй бүх вакцинд суларсан, эсвэл идэвхгүй вирусийг ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл, дархлааны хариу урвалыг өдөөхийн тулд бага буюу идэвхгүй тунгаар вирусийг хүний биед нийлүүлдэг.
Улмаар дархлааны систем уг вирусийг таньж, мэдээллийг нь боловсруулан, хариу үйлдэл үзүүлэх чадамжтай болсноор тодорхой хугацааны дараа ирэх жинхэнэ дайралтуудыг няцааж чаддаг. Тэгвэл “Пфайзер” болон “Модерна” вакцины найрлагад ийм вирусийн уураг бус, харин уургийн код бүхий гений мэдээллийг ашигласнаараа онцлог. “мРНХ нь бидний эсүүдэд уураг, тэр ч бүү хэл, уургийн зөвхөн нэг хэсгийг хэрхэн, яаж үйлдвэрлэхийг заах бөгөөд үүний үр дүнд дархлааны хариу урвал эрчимжиж, эсрэг бие үүсгэдэг” хэмээн судлаачид тайлбарлажээ.
мРНХ-ийн талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэсээр буй, “Гүүгл”-ийн анхны монгол ажилтан, софтвэйр инженер Б.Баттулга “Уламжлалт вакцинууд хүний биед вирус нийлүүлдэг байсан бол “Модерна”, “Пфайзер” код бүхий мэдээллийг л дамжуулна. Ингэснээр бидний бие махбод гаднын ямар нэг вирусийн тусламжгүйгээр эсрэг бие үйлдвэрлэх боломж бүрдлээ. Гаднаас авах зүйл нь ердөө вакцины “жор”. мРНХ-ийг эсрэг бие үйлдвэрлэх команд гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн уургийг бус, хурууны хээг дархлааны эсүүдэд таниулна гэсэн үг.
“Модерна”, “Пфайзер” компанийнхан энэ технологийг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй жил ажилласан ч судалгаа, туршилтаа асар богино хугацаанд үр дүнд хүргэх боломжийг “Ковид-19” тэдэнд олголоо. Нобелийн шагнал хүртэхүйц нээлт, үйлдвэрлэл боллоо гэж дэлхий дахин гайхширч байна” хэмээсэн юм.
Харин Европын Инновацын эмийн санаачилгын эрдэм шинжилгээний хорооны ажилтан, Германы Пол Эрлихийн нэрэмжит хүрээлэнгийн Микробиологийн хэлтсийн дарга, профессор Изабель Бекереджиан-Дин “мРНХ вакцины талаар таны мэдэх ёстой таван зүйл” өгүүлэлдээ “Тус вакцин нь хүний бие махбодыг хуурдаг. Ингэхдээ ДНХ-ийн зааврыг хэрэгжүүлдэг молекул болох мэдээллийн РНХ-ийг гол зэвсгээ болгодог. Үүнийг үйлдвэрлэхийн тулд эрдэмтэд уламжлалт вакцинд ашигладаг уургийн синтетик хувилбарыг бүтээж, махбодод нэвтрүүлж байна. мРНХ хүний биед тархсаны дараа эсүүд тухайн вирусийн уургийг бүтээх зааврыг боловсруулж, улмаар зарим молекулыг өөрсдөө үйлдвэрлэж эхэлдэг” гэсэн сонирхолтой мэдээллийг дурджээ.
Судлаач, эрдэмтэд ханиад, галзуу, зика, цитомегаловирусийн эсрэг, мРНХ-д суурилсан вакцин бүтээх судалгааг өмнө нь олонтоо хийсэн ч биотехнологийн нэг ч компани ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх автлаа тууштай ажиллаж чадаагүй гэнэ. Харин коронавирусийн тархалт эрчимжиж, шаардлагатай мэдээлэл ил болмогц АНУ-ын “Модерна” дангаараа, “Пфайзер”-ынхан Германы “БиоНтеч”-тэй хүч хавсран эсийн өвөрмөц баяжуулалтын уургийг мРНХ вакцин болгон хувиргах зааврыг боловсруулахын төлөө идэвхийлэн зүтгэсэн нь ийнхүү амжилттай болжээ.
Энэхүү технологи нь ямар нэг вирусээс хараат бус, лабораторид боловсруулж болох давуу талтай учраас уламжлалт вакциных шиг үйлдвэрлэл саатах, удаашрах зовлонгүйг биотехнологичид онцолж байна. Тиймээс дан ганц мРНХ вакцинаар олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн удаашралтай, өртөг өндөртэйг нь халах зэрэг шинэ боломж, дэвшлүүд ойртлоо гэж үзэж байгаа аж. Тэр ч бүү хэл, эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зах зээлийг энэ технологи булааж болзошгүйг мэргэжилтнүүд “зөгнөх” болов. Б.Баттулга инженер “Эм үйлдвэрлэлийн зах зээлд эрс өөрчлөлт гарах нь. Эмийн жор бус, код бүхий мэдээлэл агуулсан шингэн олгодог цаг айсуй” гэж онцлов.
“Пфайзер” компанийнхан ойрын хугацаанд коронавирусийн вакцинаа төгөлдөржүүлэх, үр дүнд хүргэх, бага насныханд турших зэрэг чиглэлд анхаарч буй бол дараагийн нүүдэл нь бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг тэлэх аж. Энэ тухайгаа ч албан ёсны сайтдаа бичжээ. “Бид эрүүл мэндийн бүтээгдэхүүн, түүний дотроос шинэлэг эм, вакцины нээлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал, үнэ цэнийн стандартыг бий болгохын төлөө хөгжингүй, хөгжиж буй олон орны зах зээлд ажиллаж, өнөө үед хүн төрөлхтнийг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа өвчнүүдийн эсрэг сөрөн зогссоор байна” гэжээ.
Түүнчлэн хүн төрөлхтнийг айдаст автуулж, жил бүр хэдэн сая хүний амийг авч оддог хорт хавдрын өвчлөлийг бууруулахад мРНХ бидний төсөөлж байгаагаас ч хэд дахин илүү үр нөлөөтэй биотехнологийн шийдэл гэдгийг Бекереджиан-Дин онцолсон байв. Тэрбээр “Дархлааны хариу урвалыг өдөөх зорилгоор мРНХ-ийг ашиглах чиглэлийн ихэнх судалгаа, туршилтын ажлын гол цөм нь хорт хавдартай хүмүүст төвлөрч ирсэн. Туршилтын үр дүн өндөр үзүүлэлттэй гарсан. Тиймээс хорт хавдартай, хүнд хэлбэрийн мэс засалд орсон хүмүүст шинэ технологиор бүтээсэн коронавирусийн вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Хавдрын үе шат, төрлөөс хамаараад, цаашид зөвхөн тухайн өвчтөний биеийн онцлогт тохирсон вакцин үйлдвэрлэх боломж бий” гэсэн гэгээлэг мэдээг дуулгав.