Манайхан шиг урьд шөнө нь алх цохичихоод, өглөө нь “Яах билээ, одоо” гээд гаргасан шийдвэртэй
нь холбоотой асуудлуудыг угтдаг улс үндэстэн алга
Аль ч улс оронд аливаа хууль, журам баталснаасаа хойш тодорхой хугацааны дараа хэрэгжүүлж эхэлдэг. Энэ нь олон нийтэд, нийгэмд мэдээлэн, таниулах, сурталчлахаас эхлээд тухайн хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэхчлэн өч төчнөөн, шат дараалсан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой буюу хэрэгжүүлэхийн өмнөх оршил хугацаа гэдгийг мэдэхгүй хүн үгүй нь лавтай. Гэтэл Монгол Улсыг удирдан залж байгаа дарга, албан тушаалтнууд ийм наад захын зүйл ч мэддэггүй, нийгмийн харилцааны соёлгүй байгаа нь юутай уйтай вэ. Энд Улсын онцгой комиссын талаар дахиад л бичихээс аргагүйд хүрч байна.
Дөрөв дэх удаагийн хөл хориог 12 хоног сунгахдаа иргэд болон автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөнийг яаж зохицуулах, зайлшгүй ажиллаж, хөдөлмөрлөх хүмүүс, албан байгууллагынхныг хэрхэн саадгүй зорчуулах талаараа огт урьчилан мэдээлсэнгүй. Хөл хорионы “сунгааны” эхний өдөр иргэд учраа олох гэж багагүй зүдэрч, бас будилж, барьц алдаж, болохоо байхаар нь нөгөө муу сошиалдаа “цуглан”, “хэрүүл” хийв. Эцэст нь УОК нийгмийн шахалтаар аргагүй эрхэд нэг “юм” шийдсэн нь бас л буруу болов. Угтаа бол 26-ны даваа гараг гэхэд иргэд хөдөлгөөнд хэрхэн оролцохыг УОК, НОК багадаа 2-3 хоногийн өмнө мэдээлэх ёстой байв. Ингэхийн тулд хөл хориог сунгах шийдвэрээ ч эрт гаргаж, танилцуулах ёстой. Дэлхийн жишгийг харахад цар тахлын нөхцөл байдалд шийдвэр, зохицуулалтаа хэрэгжүүлэх хугацааг харгалзаж байх юм. Харин манайхан шиг урьд шөнө нь алх цохичихоод, өглөө нь “Яах билээ, одоо” гээд гаргасан шийдвэртэй нь холбоотой асуудлуудыг угтдаг улс үндэстэн алга.
Суралцаж, сайжирч, туршлагаждаггүйн дээрээс мэдрэмжгүй, ойлгомжгүй хүмүүсийн цуглуулга болсон УОК өөрөө цар тахлаас ч хөнөөлтэй байж мэдэхээр нөхцөл байдал бий болчихжээ. Муу үг барагдаад ингэж муйхарлахад хүрлээ, өршөөгөөрэй.
ЭМГЭНЭЛТ ИНЭЭДМИЙН ЖҮЖГЭЭР ЭХЭЛСЭН “СУНГАА”
Дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн эхний өдөр 26-нд Улаанбаатарын өнцөг булан бүрт УОК-ын найруулсан эмгэнэлт инээдмийн “жүжиг” өрнөв. Вакцин хийлгэхээр өглөө эрт гэрээсээ гарсан настан нийтийн тээврийн хөдөлгөөний хязгаалалтад өөрчлөлт оруулсныг мэдэлгүй өдөржин автобус хүлээжээ. 24 цагийн жижүүрээс буугаад, 10.00 цагийн үед харих гэтэл хөдөлгөөнд оролцуулахгүй гэсний улмаас нэгэн эмч автомашиндаа “гацжээ”. Аргаа бараад нийтийн тээврээр харих гэтэл бараа нь үл харагдана. Асууж лавлатал хөдөлгөөний хязгаарлалтын зохицуулалт юм гэнэ. Хүнд өвчний улмаас тодорхой хугацааны давтамжтай шинжилгээ өгдөг нэгэн эмэгтэй энэ өдөр мөн л иймэрхүү асуудалтай тулгарсан талаараа ярив. Замын засвар, үйлчилгээ хийдэг компанийн ажилчин залуу ажилдаа явж болох, эсэхээ асууж ийш тийш утас цохиж багагүй сандарсан гэнэ. Тэдний байгууллага өмнөх хөл хорионы үеүдэд ажиллах зөвшөөрөлтэй 15 газрын жагсаалтад багтсан байж. Гэтэл энэ удаа жагсаалтад оруулаагүйн улмаас ийм ойлгомжгүй байдал үүсжээ. Хотын захад дэлгүүр түрээслэн ажиллуулдаг нэг хүн “машины зөвшөөрөл” авч чадаагүйгээс болж тэр хавийнхан талх, тариагүй болсон талаараа учирлав. Энэ мэт жишээг тоочоод барахгүй.
Өмнөх хөл хорионы үеүдэд гарсан дутагдал, доголдлыг засаж, залруулах нь бүү хэл, нэмээд энэ мэт өч төчнөөн төвөг чирэгдэл учруулж байна. Уг нь энэ удаагийн хөл хориог сунгах нь тун тодорхой байсан учир дараагийн алхмаа тооцоолон бодлого боловсруулж, шийдвэр гаргах хугацаа, боломж албаныханд хангалттай байсан. Өмнө хийж болоод хэвших шахсан QR код гэдэг зүйлийг ч энэ өдөр таг мартсан байв. Будилсан, бухимдсан, гайхсан, зандарсан, “ялархсан” байдлаас бусдаар өөрчлөгдөх шинжгүй УОК гэх энэ байгууллагад найдах хэрэг байна уу.
Шинэ төрлийн коронавирус олон улсад голомтлон тархаж эхэлсэн цагаас буюу жил хагасын өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл юу байна вэ, өнөөдөр. Өмнө нь ганц биш, бүр гурван удаа хатуу хөл хорионы нөхцөл байдалд ажилласан нь туршлага болсон баймаар. Гэтэл гэнэт л гамшигтай тулсан мэт яах учраа олохгүй нийгмийн сэтгэл зүйгээр наадаж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнд л нийгэм урьд урьдынхаас илүү бухимдаж байна. Эсвэл зориуд “самгардаж”, нийгмийн сүлжээнээс “будаа идэж” байгаад шийдвэр гаргах бодлого баримтлаад байна уу. Ер нь нийгмийн сүлжээнээс хариулт олох нь манай засаг, төрийнхний нэг “имиж” болж тогтож байх шиг. Энэ бол Монгол Улс эрсдэлийн менежментийн анхан шатны ямар ч ойлголтгүйн ганцхан өгүүлэмж.
Онцгой нөхцөл байдалд нийгэмд дэнлүү болох ёстой энэ байгууллага эсрэгээрээ түмэн олныг бухимдуулан, сэтгэл зүйн дарамтад оруулах шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа нь удирдлагын зохион байгуулалттай шууд холбоотой. Харамсалтай нь, ийм “хөлдүү” байгаагаа ч хүлээн зөвшөөрөх чадамжгүй нь бас нэгэн асуудал. Одоо энэ байгууллагыг өөр хүнээр удирдуулахгүй бол цар тахлыг нурамлах хүртэл бид амьд үлдэх, эсэх нь тун эргэлзээтэй болчихлоо. С.Амарсайхан гөжүүд, муйхар байж болно. Гэхдээ Шадар сайд, УОК-ын даргын албыг хувийн араншингаар хөтөлж болохгүй.
ДАРГА ААВЫН “МОНОЛОГ”
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ыг удирдан залах чадамжгүйгээ алхам тутамдаа баталсаар. Түүнд энэ албыг авч явах чадвараас гадна сэтгэл зүйн бэлтгэл, ухамсар дутаж байгааг эхнэр Ч.Ичинхорлоо нь аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-ийн “улаан бүс”-д нэвтрээд, гарсан нь ч, өөрөө тус эмнэлгийхнийг “Ковид-19”-ийн хариуг хуурамчаар гаргадаг гэж харлуулж, гүтгэсэн явдал нь ч батална. УОК-ыг удирдах эрхийг түүнд олгосон болохоос онцгой эрх эдэл гээгүй. Цар тахалтай тэмцэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа, улсдаа цор ганц ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүддээ үл итгэдгээ УОК-ын дарга нь өөрөө эл гүжирдлэгээр баталсан гэж болно. УОК-ыг удирдаж байгаа хүний үг нийгмийг үймээн самуунд хүргэх эрсдэлтэйг ч тооцолгүй хувийн араншингаараа хэлсэн энэ үгнийхээ төлөө тэрбээр огцрох ёстой.
Албан тушаал, эрх мэдлээ урвуулсан ийм ёс зүйгүй үйлдэл хийчихээд хүртэл “хошуугаа унжуулаад” яваа том толгойтой эрхэм дарга тэрбээр хэд хоногийн өмнө шударга дүр эсгэж, нийгмийн сүлжээгээр хүүдээ захидал илгээсэн нь “гэр бүлээ улс төрийн тоглоомдоо чирлээ” хэмээн нийгмийг улам бухимдуулсан. Дэлхийн нэр хүндтэй сургуульд хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээрээ тэнцсэн хүүгээ гэсэн “мундаг” аавын монолог хүүг нь илүүтэй шоконд оруулсан болов уу, өмнөөс нь уучлалт гуйх ч багадмаар. С.Амарсайхан энэ удаа ч сурсан зангаараа гөжүүдэлсэн, буруугаа хүлээхээс татгалзсан. Тиймдээ ч өөрийгөө зөвтгөхөөр хүүдээ хайрын захиа бичсэн. Ингэхдээ өндөр албан тушаалаасаа татгалзаад, хүүдээ нэр төртэйгөөр, нүүр бардам улсын тэтгэлгээр сурах боломжийг нь үлдээсэн бол жинхэнэ үлгэр жишээ эцэг болох байлаа.
“Хов живээр ажил урагшлахгүй. Бүгдээрээ эв зүйтэй байя” хэмээн өөрийн тарьсан холион бантан, дуулиан, шуугианыг “дарахыг” оролдож буй С.Амарсайхан сайд одоо ч бужигнуулсаар яваа сурагтай. “Мэдээний урсгал” гэсэн нэг “зүйлтэй” түүний нэр холбогдчихсон л явна.
УОК “Ковид-19”-тэй тэмцэх зорилготой гадаад, дотоодын өч төчнөөн хандив, мөнгийг юунд зарцуулсан болон зарцуулж байгаа талаар нэг ч мэдээлэл алга. Мэдээллийг ил болгохгүй байгаа нь ямар учиртай вэ. Хардах эрхийнхээ дагуу энэ мэт зүйлд “урсгаад” байна уу гэж харж байна, уучлаарай.
Байдал иймдээ тулсныг мэдэхгүй, сонсохгүй яваа болов уу хэмээгээд гүйцэтгэх засаглалын эрхэмд дуулгая, УОК улам муйхар болоод байна, голомтлон тархах коронавирус шиг хүчрэгдэхээ болихоос нь өмнө удирдлагын шинэчлэл хийхгүй бол жинхэнэ гамшиг нүүрлэх нь ээ. Дайны хажуугаар дажин гэгчээр С.Амарсайхан тэргүүтэй тус байгууллагынхан цар тахалтай “хавсраад” иргэдийг бөөрөлхөөд байгааг анхааралдаа авна уу.