УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг гэх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа олон нийтэд дэлгэсэн. Уг асуудлыг нийслэлийн Прокурорын газраас хянаж буй. Энэ талаар тус газраас тодрууллаа.
-Иргэн Б.Сүндэръяагаас гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн үү, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж буй. Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байна.
- Иргэн Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүд бас Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтанд өртөж байсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ асуудлыг шалгаж байгаа юу?
Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно.