“Нөөцийн махны хүрэлцээ муу, олдохгүй байна” хэмээн иргэд шүүмжилж байна. Махны үнэ тэнгэрт хадсан энэ үед арай хямд учраас нөөцийн махны эрэлт их байгаа. Уг нь Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд зориулж, 11 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн талаар албаныхан мэдээлж байсан. Нөөцийн махыг яагаад хүрэлцэхүйц хэмжээгээр худалдаанд гаргахгүй байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Тус албанаас “Нөөцөлсөн махаа долдугаар сар хүртэл хуваарилан худалдах бодлого баримталж байгаа. Тиймээс бага хэмжээгээр, хязгаартайгаар худалдана. Их хэмжээгээр худалдаанд гаргавал ченжүүд аваад дамлаж зарах гээд байдаг. Үүнээс болгоомжилж хязгаартайгаар худалдаж байна” гэсэн мэдээлэл өгөв. Албаныхан ингэж мэдээлж байгаа ч иргэдээс гадна нөөцийн мах борлуулагчид ч “Бараг ирэхгүй шахам” гэж гомдоллож буй. Нийслэлд нөөцийн махыг 400 гаруй цэгээр дамжуулан худалдаж буй гэнэ. Нэг цэгээр өдөрт 300 орчим кг мах худалдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийслэлд өдөрт 120 тонн нөөцийн мах худалдаж байна гэсэн үг. Ямааны нөөцөлсөн ястай махыг кг-ыг нь 6200, хониныхыг 6700, үхрийнхийг 7700 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь махны зах зээлийн өнөөгийн ханшаас бараг хоёр дахин хямд үнэ юм.