Хөл хорионы үед эрүүл мэндийн салбарынхан хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлэх хүсэлтээ УОК болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн тухай ЭМЯ-ны хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Хатуу хөл хорионы үеэр өнөөдрөөс автомашинуудыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл гарч байгаа талаар гомдол маш их ирж байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон манай яамны 11.00 цагийн мэдээ дамжуулдаг ажилтнуудад ч автомашины зөвшөөрөл гараагүй байна. Эрүүл мэндийн ажилтнуудаас гадна, ЭМЯ-ныхан ажилдаа өнөөдөр алхаж ирсэн. Эрүүл мэндийн сайд хүртэл замын хөдөлгөөнд цагийн хуваариар оролцож байгаа.
УОК болон бусад холбогдох байгууллагууд хөл хорионы үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдыг хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцуулах боломж, нөхцөлөөр ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.