Засгийн газар БНХАУ-аас дөрвөн удаа вакцин татах гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ вакцин худалдан авах ажиллагааг хил дээр гацаахгүй, хэвийн явуулахаар тохиролцсон байна. Ирэх долоо хоногт БНХАУ-ын Синофарм вакцинуудыг хилээр нэвтрүүлнэ. Ингээд Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ. БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээр вакцины хоёр дахь тунг 56 хоногт багтаан хийж болох талаар зөвлөмж гарсан. Энэ дагуу вакциныг 56 хоногт багтаан хийнэ" гэлээ.
Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессежээр мэдээлэл очих юм байна.