"Ковид-19" цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед дээрх асуудлыг нэн тэргүүнд үзэж, шуурхай шийдвэрлэх нь хохирол багатай даван туулах хүчин зүйл болно гэж Хүний эрхийн үндэсний комисс үзэж байна. Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэлээр хангах тухай дурджээ. Мөн хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилахыг зөвлөв.
Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчигдөхөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөж байна.
Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн үндэсний комисс зөвлөмждөө тусгажээ.