Биеийн тамир, спортын улсын хорооноос "Ковид-19" цар тахлын үед иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа чийрэгжүүлэх дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд сурталчлах зорилгоор “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” уралдааныг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. 14 хоногийн хугацаатай уг цахим гүйлтэд аймаг, нийслэлийнхэн оролцож, өглөө бүр гүйсэн, алхсан мэдээллээ цахимаар хуваалцсан. Говь-Алтай аймгийнхан хамгийн урт буюу 86 645 км зам туулж, бусад аймаг, дүүргийнхнээ хошуучилжээ. Тус аймгийнхан өглөөний гүйлтэд хамгийн олон хүн буюу 3825 иргэнийг хамруулж, нэг өдөрт 25 491 км зам туулж, цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн байна. Нийслэлээс Сонгинохайрхан дүүргийн иргэд 47849 км зам туулан тэргүүлж, өмнөх амжилтаа хадгалж чадлаа. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан байна. Улс орон даяар анх удаа зохион байгуулсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд 26 000 хүн оролцжээ. Монголын цахим гүйлтэд оролцогчид дэлхийг 11.6 удаа тойрох дайны зайг туулсан гэнэ.