Түүхчдийн тэмдэглэж үлдээснээр Монгол төрийн цагдаагийн байгууллагын суурийг 1865 онд тавьж, хууль сахиулагчийг Арван тавны цагдаа хэмээн нэрийдэж байжээ. Гэвч 1921 оны долдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын зургаадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг Сэргийлэх цэрэг нэртэйгээр Цэргийн яамны харьяанд байгуулж, албажуулсан түүхтэй.
Энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож буй. Ойг угтан "Монгол цагдаа-100 жил" лого бүтээв. Монгол төрийн далбаан дээр 100 гэсэн тоог дүрсэлжээ. Ингэхдээ крилл нэгийн тоо, цагдаагийн байгууллагын сүлд, тэг буюу дугуй дүрсийг логонд багтаасан байна. Дугуй дүрс хүч чадал, хязгааргүй орших хийгээд нар сарыг илтгэсэн олон утгатай. Мөн уг дүрс дотроо уйгаржин бичгээр 1921-2021 хэмээн бичсэн нь Арван тавны цагдаа гэсэн утгыг давхар илэрхийлж буй. Улмаар далбаагаа тэнгэрт мандуулж буй байдлаар урласан бөгөөд бүхэлдээ эрх чөлөөт, хараат бус, тусгаар тогтносон улс гэдгээ бататгасан илэрхийлэл ажээ.