Данийн эрх баригчид Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн боловсруулсан коронавирусийн эсрэг бэлдмэлээр хүн амын вакцинжуулалтыг түр зогсоолоо гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл мэдэгджээ. “AstraZeneca” вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст цусны бүлэгнэл үүсэж байна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан вакцинжуулалтыг 14 хоногийн хугацаатай түр зогсоох шийдвэр гарчээ. "Вакцинтай холбоотой эрсдэлийн өчүүхэн шинж тэмдэг илэрвэл бид хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдэлд дурдсан байна. Гэхдээ цусны бүлэгнэл вакцинаас шалтгаалсан талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг тус мэдэгдэлд тэмдэглэжээ. “Хүн амын нэг вакцины вакцинжуулалтыг түдгэлзүүлэх нь амаргүй шийдвэр юм. Гэхдээ бид маш олон хүнд вакцин хийж байгаа тул ноцтой гаж нөлөөний талаарх мэдээллүүдэд цаг алдалгүй хариу өгөх хэрэгтэй. Бид AstraZeneca вакциныг үргэлжлүүлэхийн тулд нөхцөл байдлыг тодруулах хэрэгтэй "гэж Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн захирал Серен Брострем хэлжээ. Өмнө нь Норвег, Итали, Исланд улс тус вакциныг хэрэглэхээ зогсоосон юм.