Эксетер ба Бристолийн Их сургуулийн халдварт өвчин судлалын эрдэмтэд Их Британид илэрсэн коронавирусийн хувилбар нь (В.1.1.7) өмнөх хувилбараасаа 30-100 хувь илүү үхлийн аюултай гэдгийг олж тогтоожээ. Энэ тухай Btish Medical Journal сэтгүүлийн нийтлэлд дурджээ. Судалгаанд 100 гаруй мянган хүн оролцсон байна. Эрдэмтэд SARS-CoV-2-ийн Британийн хувилбар бүхий 54,906 өвчтөн мөн бусад хувилбараар өвдсөн төдий хэмжээний хүмүүсийн дунд нас баралтын түвшинг харьцуулж үзжээ. Хоёр бүлгийн хооронд ижил төстэй байдлыг хангахын тулд оролцогчдыг нас, хүйс, үндэс угсаа болон бусад гаднын хүчин зүйлээр зэрэгцүүлж үзсэн байна. Судалгааны явцад Британийн хувилбартай холбоотой 227 нас баралт, бусад хувилбарын улмаас 141 нас баралт бүртгэгджээ. Үүнээс үзэхэд үхлийн эрсдэл дунджаар 1.64 дахин илүү байна. Энэ нь илрүүлсэн 1000 тохиолдол тутамд нас баралт 2.5-аас 4.1 болж өснө гэсэн үг юм. Эрдэмтдийн үзэж буйгаар SARS-CoV-2 нь маш хурдацтай мутацид орох чадвартай бөгөөд вакцинд тэсвэртэй шинэ хувилбарууд гарч ирэх бодит аюул нүүрлэж байгаа аж. Одогоор коронавирусийн Британи хувилбар 100 гаруй оронд илрээд байна.