Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, холбогдох бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн. Улмаар тухайн бичлэгээ телевиз, мэдээллийн сайтынханд “бэлэглэв”. Тэрхүү худал хуурмаг байж мэдэх, хүчирхийлэл харуулсан бичлэгийг “Unuudur.mn” сайт олон нийтэд дэлгэн үзүүлэхээс татгалзаж байна. Эрх баригчид өнгөн дээрээ С.Зоригийн хэргийг илрүүлэхээр санаа зовниж, энэ хэрэгтэй холбоотойгоор зарим хүний эрх зөрчигдсөн мэтээр ярьж, матрын нулимс унагах нь холгүй халагладаг. Харамсалтай нь, улстөрчдийн дээрх үйлдэл ердөө л сонгуульт жилүүдэд давтагддаг улиг болсон пи-ар. Улстөрчид улам увайгүй болж, эрх мэдлийн төлөө улайран тэмцэж буйн илрэл энэ болов уу.
1998 оны аравдугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ байхдаа, гаднын халдлагад өртөж, олон удаа хутгалуулж, нас барсан. Хэрэг явдал гарснаас хойш гурав хоногийн дараа талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр 30 000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Түүнээс хойш улс төрийн сонгууль болгоны өмнө эрх баригчид төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үхлээр улс төр хийх болсон.
Энэ удаа ч ёс юм шиг цааш нь тараа, шуугиан дэгдээ, олон нийтийг мунхруул гэсэн шиг Засгийн газрын танхимд цугласан хэвлэлийнхэнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг Т.Чимгээд тохож, ял оноохын тулд түүнийг согтоож, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг харуулав. 2020 оны сонгуулийг угтаж, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй 27 минут орчмын бичлэгийг 2019 онд олон нийтэд харуулж байв. Ингэхдээ бүр МҮОНТ-ийн эфирээр хүчирхийлэл, яргалал бүхий бичлэгийг ард түмэнд дэлгэсэн.
1998 оны долдугаар сард С.Зоригийг заналхийлсэн агуулгатай нийтлэл сонин, хэвлэлд гарч байсан гэх. Улмаар аллага тухайн оныхоо аравдугаар сард гарсан. Угтаа С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлсэн, хэн үйлдсэн нь тодорхой хэмээн хуулийнхан шивнэлддэг. Гэхдээ энэ тухай олон нийтэд хэзээ ч мэдээлж байсангүй. Харин сонгуульт жилүүдэд олон нийтийн анхаарлыг татахын тулд С.Зориг агсаныг дурсаж, алуурчдыг илрүүлэх хэрэгтэй хэмээдэг. Жагсаал, цуглаан зохион байгуулж, хэргийг шуурхай илрүүлэхийг шаардаж, улстөрждөг. С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг шалгаж, цугларсан материалыг бооход 500 хавтас болсон гэдэг. Сүүлд 2020 оны сонгуулиас өмнө эл хэргийг сэргээх ажлын хэсэг байгуулж, улмаар шалгаад нэмж, 58 хавтас хэрэг боосон гэх юм билээ. Ингэхэд ер нь тухайн аллагын хэргийг байсхийгээд сөхөх дуртай үе үеийн ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүд хавтаст хэргүүдээс нэгийг нь ч болтугай уншиж үзсэн болов уу. Нэг хавтас хэргийн материал А4 хэмжээтэй, ар, өвөргүй 200 хуудас байдаг. Уншсан, эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Улстөрчид бидэнд бодит мэдээлэл өгөхөөс илүүтэй, зүгээр л өөрсдийн зохиосон жүжгээ ярьсан болов уу хэмээн хардаж байна. Тэр ч бүү хэл, өнгөрсөн хугацаанд дэлгэн харуулсан бүх баримт, бичлэгүүдийг зохимол гэж бодож буйгаа иргэд нуулгүйгээр цахим орчинд илэрхийлж эхэллээ.
Ташрамд дурдахад, 1990-ээд онд хүний амины ноцтой хэргүүдийг эрүүгийн төлөөлөгч А.Дулаанжаргал, Д.Базаргүр, Д.Мөрөн нар голлон илрүүлж байсан гэдэг. Ахалж шалгасан хэргээ илрүүлээгүй түүх тэдэнд үгүй. Тиймдээ ч алдартай эрүүгийн төлөөлөгч явсан, хожим ЦЕГ-ын дарга болсон Д.Мөрөн 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Би УИХ-ын гишүүн болбол 14 хоногийн дараа С.Зоригийг хөнөөсөн алуурчин илэрнэ” хэмээсэн байдаг. Гэхдээ эрүүгийн төлөөлөгч гэдэг мөрдсөн, шалгасан хэргийн нууцаа үхэн үхтэлээ хадгалах учиртай. Тухайн шалгасан онц ноцтой хэргийнхээ талаар үүрэг өгсөн даргатайгаа хуваалцахаас бус өөр хэнд ч хэлдэггүй хуультай. С.Зоригийн амийг хөнөөсөн асуудлыг шалгасан нь төрийн нэрийн өмнөөс хийж буй, нууцын зэрэглэлд хамаарах хэрэг. Товчхондоо, С.Зоригийн үхлийн нууц тухайн үед хэргийг шалгасан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн байгууллагыг толгойлж байсан Д.Мөрөнтэй хамт авсанд орох болов уу. Тиймээс энэ хэргийг дахин сөхөөд ашиггүй, сөхлөө гээд дээр дурдсанчлан эл хэргийг шалгасан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн даргын аль алинд нь нууцыг задлах эрх үгүй. Угаас үхсэн хүний ясыг ахин дахин өндөлзүүлэх нь үнэндээ муухай харагдаж байна, улстөрчдөө.