Хүүхнүүд нэг нэгнээ хүчирхийлдэг болж. Тэд бас архидаж, мансуурч, донтож байна. Архинд халамцсан, хөлчүүрсэн эхнэрүүд нь нөхрөө хөнөөж эхлэв. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл хурцдаж, даамжирч, газар авсныг бүсгүйчүүдээс гарч буй харгис, хэрцгий авир илтгэж байна. Хэдийгээр цар тахалтай байгаа ч Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг манайхан байгууллагаараа, найз нөхдөөрөө, гэр орноороо хэрдээ л тэмдэглэх шиг боллоо. Харамсалтай нь, энэхүү баярын өдрүүдэд хоёр ч эмэгтэй нөхрөө хутгалжээ. Тухайлбал, энэ сарын 7-нд Булган аймагт эхнэр, нөхөр архидсан гэнэ. Улмаар эхнэр нь нөхрөө хутгалж, амийг хөнөөв. Үүнтэй яг адил хэрэг Сэлэнгэ аймагт гарлаа. Хосууд мөн л хамт архидаж, эхнэр нь нөхрөө хөнөөсөн гэх. 47, 48 настай тэдгээр эмэгтэйчүүд амьдралдаа юу үзэж туусныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ цагдаагийнхны ярьж буйгаар өмнөх жилүүдэд эрчүүд голдуу архидан согтуурч, улмаар эхнэрээ хөнөөх тохиолдол гардаг байж. Сүүлийн үед эхнэр, нөхөр гэртээ хамт архи уух болсон гэнэ.
Хүүхнүүд яагаад архинд орсныг иргэний нийгмийн зарим төлөөлөл дараах байдлаар тайлбарлалаа. Нөхрөө бага уулгахын тулд хүүхнүүд архинаас нь хуваалцдаг. Мөн нөхрөөс ирэх хүчирхийлэл доромжлолыг бага мэдрэхийн тулд бүсгүйчүүд архи ууж, тасрахыг хичээдэг болжээ. Зарим нь өөрийгөө хамгаалахын тулд зоригоо чангалж уудаг гэнэ.
Цагдаад дуудлага өгч, архичин, хүчирхийлэгч нөхрөө эрүүлжүүлж болно. Гэхдээ дараа нь гарах үр дагавар эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг. Эрүүлжүүлэхэд хоносон нөхөр өс санаж, илүү ихээр хүчирхийлдэг гэх. Цагдаагийн байгууллагаас авах хэмжээ нэг хоногийн настай. Хүчирхийлэл даамжрахад авах эцсийн арга хэмжээ нь хорих, саатуулах. Одоогоор хүчирхийлэлтэй ийм аргаар тэмцэж, энэ мэтээр цэг тавихыг оролдож буй. Хоригдсон, саатуулагдсан эрчүүдэд чиглэсэн зан үйлийн дорвитой сургалт явуулж чадахгүй байна. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдгийн бодит шалтгаан энэ.
Монголд эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллага олон. Тэдэн рүү чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газар ч цөөнгүй. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөрийг хот, хөдөөгүй л хэрэгжүүлж байна. Гэхдээ эдгээр төслүүдэд уялдаа холбоо огт алга. Угтаа үүнийг Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, уг яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хийх ёстой юм. Даанч ХЗДХЯ, тус зөвлөлийнхөн төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр ярьж сурталчлахаас хэтрэхгүй байна.
Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг Монголд таван жилийн өмнө албан ёсоор эхлүүлж, ХЗДХЯ хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээж байв. Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл өсөж, хүний аминд заналхийлэх хэмжээнд хүрч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд даамжирсан учраас уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байруудыг байгуулсан. Мөн Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байруудад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгосон. Монгол дахь Канадын сангаас ч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл хэрэгжүүлдэг.
Одоогоор үндэсний хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах түр хамгаалах 14 байр, нэг цэгийн үйлчилгээний төв 18 ажиллаж буй нэртэй. Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэс суурийг нь энэ мэтээр тавьж өгсөн. Гэхдээ төсөл хэрэгжих хугацаатай, зарцуулах мөнгө нь хэмжээ хязгаартай. Харин өнөөдрийн байдлаар хамгаалах байрууд үйл ажиллагааны зардалгүй, ажилтнууд нь цалингаа авч чадахгүй байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас дээрх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд мөнгө зарцуулахгүй байна. Төслийн нээлт болгонд Засгийн газар нэрээ хавчуулж, бусдын хөдөлмөрийг өөрсдөдөө нааж, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох ийм тийм ажил хийсэн хэмээн ам уралдан ярьдгаа зогсоох цаг нь хэдийн болсон.
Өнөөдрийн байдлаар төр гэр бүлийн хүчирхийллийг даамжирч, хоёр дахь шатандаа хүрсэн үед нь таслан зогсоож, хохирогчид өндөр зардлаар үйлчилгээ үзүүлж буй. Архидалт, гэр бүлийн хүчирхийллээс анхан шатанд нь урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний дорвитой бодлого боловсруулж, хэрэгжүүлсэн зүйл алга. Кино урлагийнхан ихэнхдээ шорон, хүчирхийлэл, аллагатай кино бүтээж, зарим дуучин, соён гэгээрүүлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буйгаа олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Нэг талдаа цагдаагийн байгууллага хүчирхийллийг бууруулж, таслан зогсоох гэж чадлаараа хичээж байхад, нөгөө талдаа урлагийнхан хүчирхийллийг сурталчилж байна.
Шуудхан хэлэхэд соёл, урлагийн байгууллага хийгээд хууль зүйн салбар, нийгмийн халамжийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн уялдаагүй байгаад Засгийн газар, тэр дундаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн буруутай. Анхан шатанд нь урьдчилан сэргийлж чадаагүйгээс, уялдаа холбоог нь нэгтгээгүйгээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 онд 18 хүн амиа алдаж, энэ төрлийн хэрэг 2.6 дахин нэмэгдэж, хүчирхийллийн улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдол 30 дахин өслөө.
Төр засагт архидалт, гэр бүлийн хүчирхийлэл өсөж буйн суурь шалтгааны талаарх үндэсний хэмжээнд судалгаа, таслан зогсоох шийдэл алга. Тэдэнд гаднынхны хэрэгжүүлж буй төсөлд хөтөлбөрт дулдуйдахаас өөр хийсэн дорвитой ажил алга. Томчуудын ярьж, хэлдэг бодлого нь цаасан дээр үлдсэнээс бус, амьдрал дээр хэрэгжсэн нь үгүй. Тиймээс олон нийт “Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлд цэг тавьж чадахгүй юм байна” хэмээн итгэл алдарч эхэллээ.